ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас “Залилан” нэгдсэн арга хэмжээг 2 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ямар акцууд хийгдэх вэ?

Бид залилах гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх аяныг 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн тухайн он дуустал хийсэн боловч 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан. Тиймээс  Мөрдөн байцаах алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран энэ жил “ЗАЛИЛАН” арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-аас 30-ний хооронд зохион байгуулж байна. Залилах гэмт хэрэг нь 2016 онд нийт гэмт хэргийн 7.9 хувь, 2017 онд 9.2 хувь, 2018 онд 12.7 хувийг эзэлсэн.

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа учир иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор  тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Залилах гэмт хэрэг буурахгүй байгаа нэг шалтгаан нь дан ганц залилагч этгээдэд байгаа бус хохирогч этгээдэд асуудлын мөн чанар байна гэж харж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарын хувьд залилагч этгээдийн амласан аман ярианд 100 хувь итгэж, мөнгөө өгч хохироод байна. Тиймээс бид энэ удаагийн арга хэмжээг хохирогч тал руу чиглэсэн хариуцлагатай байхыг анхааруулсан арга хэмжээг түлхүү зохион байгуулна.

Тоон судалгаагаар өссөн үзүүлэлттэй байна гэлээ. Нийт хичнээн төгрөгийн хохирол учраад байна вэ?  

Залилагч нар 2018 онд 268 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан бол 2019 оны эхний улирлын байдлаар 58 тэрбум төгрөгийн хохирлыг иргэдэд учруулаад байна.

Иргэдийн хувьд ихэвчлэн ямар төрлийн залилангийн хэргийн хохирогч болж байна вэ?

Үйлдэгдэж байгаа гэмт хэргийг ангилж үзвэл иргэд хоорондоо гэрээ байгуулах явцад, хүүтэй мөнгө зээлэх, хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах, виз гаргаж өгөх зэрэг энэ төрлийн гэмт хэргүүд өсөх хандлагатай байна.

Иргэд БНСУ-д зорчих виз мэдүүлэхийн тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Иргэдийн хувьд зарим нэгэн шалгуурыг хангахгүй байж магадгүй гэж үзсэний улмаас “Виз найдвартай гаргана” гэсэн заруудад ханддаг. Тухайн зарын ард өөрийгөө их сайхнаар танилцуулдаг залилагч нар сууж байдаг.  Монголд БНСУ-ын албан ёсны материал хүлээн авдаг 10 байгууллага бий. Виз найдвартай гаргана гэх эдгээр хүмүүсийн хувьд нийгмийн даатгал, банкны баталгаа, ажлын байрны тодорхойлолт гэх мэт баримтуудыг хуурамчаар үйлдэж, Элчин сайдын яаманд өгчихдөг. Элчин сайдын яам дээрх хуурамч бичиг баримтуудыг илрүүлэн цагдаагийн байгууллагад виз мэдүүлсэн иргэнийг шалгах хүсэлт гаргадаг. Хуурамч бичиг баримт үйлдсэн нь өөрөө гэмт хэргийн чанартай учраас шалгуулах шаардлагатай гэж материалыг буцаахаас гадна виз мэдүүлсэн иргэн дээр 5-10 жилийн хориг тавьчихдаг. Ингэснээр тухайн виз мэдүүлсэн буюу залилуулсан этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулахаас гадна 5-10 жилийн виз мэдүүлэх боломжгүй болж байгаа юм.

Ингэснээр тухайн хүн ирээдүйд бий болох боломжит нөхцлүүдээ алдаж байна гэсэн үг. Магадгүй зургаан сарын дараа шаардлага хангахгүй байгаа нөхцлүүд нь шаардлага хангаад визээ мэдүүлэх боломжтой болох байсан бол хуурамч бичиг баримт бүрдүүлснээр энэ бүхнийг алдаж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тухайн хүн виз гаргана гэсэн байгууллага, хувь хүнд хандсаныхаа төлөө залилагч болж хувирч, цагдаад шалгагдана  гэсэн үг. 

Залилангийн хэрэг нь мөнгөөр хохироод л дуусах мэт боловч цаана нь тухайн хүний нэр хүнд, итгэл найдвар, бизнесийн харилцаа гэх мэт маш олон зүйлээр хохирч үлддэг. Хуурамч материал бүрдүүлж өгсөн хүн бол тухайн этгээдийг л залилсан байдаг бол хохирогч илүү олон зүйл дээр хохирч үлддэг гэж хэлж болно.

Виз гаргах асуудал дээр хохирогчийн өөрийнх нь буруу их байна. Учир нь тэр хүн яагаад ч байж болохгүй хуурамч материалыг хийхийг зөвшөөрсөн байна шүү дээ. Манай иргэдийн дунд яагаад ч байж болохгүй хуурамч бичиг баримтыг бүрдүүлээд БНСУ-д очоод сайхан амьдарчих юм шиг сэтгэл их байна.

Тухайлбал гэрээг нотариатаар батлуулдаг. Нотариатаар батлуулсан юм чинь баталгаатай гэсэн үг биз дээ?

Иргэд бас нэг зүйл дээр их буруу ойлголттой байдаг. Иргэд хоорондоо ямар нэгэн үйлчилгээ үзүүлж гэрээ байгуулахдаа нотариатаар батлуулдаг. Нотариатаар баталгаажуулсан тухайн гэрээг баталгаатай, эрсдэлгүй гэж үзэж залилуулах тохиолдол их байна. Гэтэл нотариат нь хуулиараа зөвхөн хоёр иргэний хооронд болж байгаа үйл явдлыг л тухайн цаг үед баталж байгаа үйлдэл. Үүний цаана бодит байдлыг асууж байгаа юу, зохиомол байдлыг бий болгосон уу, залилж байна уу гэдгийг нотариат хэзээ ч шалгахгүй.

Тиймээс иргэд мэргэжлийн хуульчид хандаж, мэргэжлийн зөвөлгөөг авах ёстой. Үүнээс гадна сүүлийн үед хүүтэй мөнгө зээлэх, ойр дотны хүндээ хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн барьцаанд тавих зэрэг хэргүүд их шалгагдаж байгаа. Их ойр дотны итгэлтэй хүндээ залилуулах тохиолдол байна гэсэн үг. Манайхаас өөр оронд хэн нэгэн хүнээс хүүтэй мөнгө зээлэх, бусдын нэр дээр эд хөрөнгөө шилжүүлэх гэх мэт асуудлууд бараг байдаггүй. Иргэдийн итгэмтгий байдлыг ашиглаж залилангийн хэрэг улам даамжраад байна. Гэрээний асуудалтай холбоотой хэргүүд залилангийн нийт хэргийн 50-иас илүү хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд яах ёстой вэ?

Иргэдэд хандаж хэлэхэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд  ямар нэгэн эрсдэлтэй үйлдэл хийх гэж байгаа бол нэг хүний ярианд итгэхгүйгээр асуудалд жоохон хариуцлагатай хандаж, нягталж шалгах хэрэгтэйг хэлмээр байна. Танд харуулж үзүүлээд байгаа бичиг баримтыг шалгуулах нь бас таны үүрэг гэж хэлмээр байна. Тухайн зарын дагуу та өөрөө яриагүй бол, очиж уулзахгүй, итгэхгүй бол залилагч нар зүгээр явж байгаа хүний кармайнаас мөнгө хэзээ ч авдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь таныг ирээдүйд үүсэх олон эрсдлээс хамгаална.

Мөн хуулийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг байнга авч байх, мэргэжлийн хуульчид хандах хэрэгтэй.

Иргэн таны хариуцлагатай үйлдэл эрсдэлгүй амьдралын эхлэл гэдгийг дахин хэлье.