Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг танилцуулах семинар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна.
Тус арга хэмжээнд НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон ЖАЙКА, Асахикава хотын төслийн баг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү гарын авлагыг ЖАЙКА-гийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулжээ.
Семинарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцож байгаа юм байна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага, хамтран хэрэгжүүлэгч Асахикава хотын захиргааны хамт олонд талархал илэрхийлье. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад хамтран зүтгэж буй харилцагч компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн зам бат бөх байх болтугай” гэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэх авто замын ажлын талаар НЗД-ыг орлогч П.Баярхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ онд авто замын ачааллыг бууруулах ажлыг хийж эхлүүлэх гэж байна. Энэ ажлыг эхлүүлснээр замын түгжрэл хэд орчим хувь буурна гэж та бүхэн үзэж байгаа вэ?
Бид авто замын ачааллыг буурлах чиглэлээр эхний хийсэн ажил бол баруун гар тийш чөлөөтэй эргэх уулзварыг бий болгосон.
Мөн удахгүй BRT төслийн хүрээнд зүүн гар тийш эргэхгүй зөвхөн чигээрээ явах уулзваруудыг нэмнэ. Замын цагдаагийн урд талын уулзвар гарцуудыг нэмэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Эдгээр ажлуудыг хийснээр замын түгжрэл ойролцоогоор 30 гаруй хувь буурна гэсэн судалгаа гарсан.
Одоо нийслэлд тавигдах ёстой нэн шаардлагатай ямар авто замууд байна вэ?
Мэдээж Улаанбаатар хотод засварлах, өргөтгөх шаардлагатай уулзвар, авто замууд байгаа. Авто замын магистр төлөвлөгөөний хүрээнд таван гарц, зургаан авто замыг шинээр барихаар төлөвлөгөөнд тусгасан. Энэ ажлуудыг удахгүй эхлүүлнэ.
Сүүлийн гурван жилд 3 тэрбум гаруй төгрөгөөр зам янзалсан. Зуны бороо шороонд замын эвдрэл их гардаг гэсэн асуудлууд байдаг. Одоо шинээр хийх гэж байгаа замуудын хувьд чанарын тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Одоогийн зарим авто замуудад ус зайлуулах байгууламж байхгүй байгаа. Үндсэндээ шинээр байгуулагдах авто замууд цогцоороо байгуулагдана. Тухайлбал, ус зайлуулах төхөөрөмжтэй, явган хүн замтай, замын гэрэлтэйгээ иж бүрэн хийхээр төлөвлөж байна.
Эдгээр замуудад хэдэн төгрөгийн төсөв гарсан вэ?
Одоогийн байдлаар шинэчлэгдсэн төсөв гараагүй. Яагаад гэвэл бид гаднаас зарим шаардлагатай зүйлсээ авдаг учраас валютын ханшийн асуудал зэргээс шалтгаалаад тодорхой тогтсон үнийн дүн гараагүй байгаа.