Автобусаар зорчих АМАР болжээ



Улаанбаатар хотын өнгө зүс, үйлчилгээ, соёлыг өөрчлөх зорилготой шийдвэрүүдээс хамгийн үр дүнтэй, зөв нь нийтийн тээвэр, замын хөдөлгөөнийг зохицуулахад хийсэн ажлууд гэж хэлж болно. Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүлийн хоёр жил гаруйн өмнө санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн нийтийн тээврээр зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн тогтолцоог өөрчлөх ажлыг өнөөгийн удирдлагууд дэмжиж, дэмнэн үргэлжлүүлж байна.

Цахим карттай, “Ухаалаг автобус”-аар үйлчилж эхлэхэд анх амар байгаагүй. Хүмүүс ерөнхийдөө дэлхий нийтэд хэзээний нэвтэрсэн шинэ соёлыг дэмжиж байсан ч зорчигчид мөнгөө дутуу хийх, урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэрийн голд цаас хавчуулж зузаалах, төгрөгийг сканердаж, хуулбарлах гээд санаанд багтамгүй үйлдлүүд гаргаж байв. Энэ бүхэн нийтийн тээврийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, орлого, ажлын байр, соёл, үйлчилгээтэй холбоотой санал, гомдол ар араасаа гарч байсан ч одоо Улаанбаатарын ухаалаг автобусанд хүн бүхэн сэтгэл хангалуун байх болжээ.

Автобусанд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх журмыг хэрэгжүүлснээс хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Хэвлэсэн дэвсгэрт, урагдсан мөнгөтэй хайрцагнаасаа салсан нийтийн тээврийнхний өдрийн орлого энэ хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Нийтийн тээвэрт энэ мэт шинэчлэл хийж, кондукторыг чөлөөлөх, бэлэн мөнгөний хайрцаг байрлуулах зэрэг туршилтын явцад автобус компаниуд олон тэрбумын алдагдалд хүрч байгаа тухайгаа гомдоллодог байсан бол одоо тэр бүх зөрчил алга болсон байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө автобус баазууд өдөрт 45 сая төгрөг олдог байсан бол заавал картаар үйлчлүүлэх шаардлага тавьснаас хойш өдрийн орлого нь 90 сая төгрөг болж, өсчээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь картын төлбөрийн системд шилжиж дууссан байна. Шинэчлэл хийгдсэний дараах 10 хоногийн байдлаар шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөнийг холбогдох албаныхан мэдэгдлээ.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамдаа 400 мянга орчим хүн автобусаар зорчдог байна. Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд “Смарт” карт цэнэглэгч 430 цэг ажиллаж байгаа бөгөөд 840 гаруй мянга карт борлуулаад байгаа аж. Энэчлэн Улаанбаатар хотын өмнөх удирдлагуудын эхлүүлсэн сайн санаачилга, дэвшлийг өнөөгийн удирдлагууд үргэлжлүүлж, тэгэхдээ улам сайжруулж байгаа нь талархууштай.

Хотын тээвэр, хотын хог, хөрс, агаарын бохирдол, хотын соёлтой холбоотой бүх зөв ажлуудыг дарга хэн байхаас, нам ямар байхаас үл хамааран дамжилж явах нь сайн үлгэрлэл юм. Улаанбаатарчуудын тээврийн гол хэрэглээ болсон том оврын автобусны үйлчилгээг улам сайн болгох шаардлагууд мэдээж бий. Автобус тохь тухтай, цэвэрхэн, аюул осолгүй байх ёстой.

Хотын даргын дараагийн алхам ч энэ чиглэлд төвлөрчээ гэж харж байгаа. Учир нь Засаг дарга С.Батболд энэ долоо хоногийн эхээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд Шархад, Нарангийн гол, Баянхошуу, Улиастай зэрэг дөрвөн газарт байгуулсан жолооч нарын амрах байрыг үндсэн зориулалтаар нь ашиглах үүрэг даалгавар өгчээ.

Эдгээр амрах байрыг сэргээж, ашиглалтыг сайжруулан, зориулалтаар нь ажиллуулбал жолооч нар автобусаа цэвэрлэх, түр амрах, хооллох нөхцөл бүрдэж, аюулгүй зорчих боломж нэмэгдэнэ.

Бүгдийг төр хийж, бүхнийг бирд шиг биелүүлэх боломжгүй. Энэ бүх шинэчлэл, санаачилга, өөрчлөлтийг хийхэд их хотын иргэдийн соёл, хандлага чухал шүү гэдгийг төгсгөлд нь сануулъя.

Хотын удирдлагууд, нийтийн тээврийнхнийг магтаж, сайшаах иргэд олон байгаад талархалтай байна.

Эх сурвалж: www.news.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ