Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-УИХ-ын дарга М.Энхболдын ач хүүг X Богдоор тодруулсан гэх яриа газар авч байна. Энэ тухай намын бүлэг дээр яригдсан гэх юм?
-Зарим хэвлэл мэдээллээр Далай ламын айлчлалын тухай “Сэжигтэй айлчлал” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд Засгийн газар санаатайгаар Далай ламын айлчлалыг зохион байгуулсан. Зохион байгуулахдаа УИХ-ын даргын даалгавраар зохион байгуулж, улмаар X Богдоор УИХ-ын даргын ач хүүг тодруулсан гэх хариуцлагагүй мэдээлэл гарсан байна. Сэтгүүлч хүнд сэрдэх эрх нь бий. Гэхдээ Засгийн газрын удаа дараа гаргаж байгаа мэдэгдлийг анзаарч, учир зүйтэй асуудалд хандах хэрэгтэй байлаа. Иймээс миний бие хариуцлагатайгаар мэдэгдэхэд Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар, ГХЯ оролцоогүй. Монгол төрийн бусад албан тушаалтан оролцсон эсэхийг би мэдэхгүй. Тийм болохоор гүйцэтгэх засаглалын хийсэн ажлыг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд УИХ, Засгийн газар айлчлалд оролцоогүй хэмээн хэлэх байна. Тэр тусмаа УИХ-ын дарга М.Энхболдын ач хүү X Богдоор тодорсон зүйл байхгүй. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлэг дээр хариуцлагатай мэдэгдсэн.
-Далай ламын айлчлалаас хамаарч БНХАУ-ын талаас хилээр гарч бараа бүтээгдэхүүний хураамжийг нэмлээ гэх асуудал яригдаж байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Гашуунсухайт боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүнд татвар биш, хураамж нэмсэн асуудлыг тодруулна гэж өчигдөр хэвлэлийнхэнд хэлсэн. Үүнийг тодруулахад, 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэх тухай шийдвэр гарсан байна. Дараа нь Баяннуур аймгийн захиргаа дээрх тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрээ 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ. Уг тогтоолд нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. Нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнийг нь 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөх болох нь. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх вэ, цуцалж болох уу эсвэл үнийн дүнг буулгах уу гэдэг дээр ярилцаж байна.
-Хоёр талын айлчлалуудыг сэргээх тал дээр яриа хэлэлцээ хийж байна уу?
-Ярьж байна. Аль болох хурдан сэргээх хүсэлтэй байна. Айлчлалуудыг эхлүүлмээр байна гэсэн асуудлаа тавьж байгаа.