Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд тус станц дээр нийт дөрвөн багц төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд нэг төслийн ажил ид дундаа өрнөж буй аж. 1992-1998 онд нийт 2.8 тэрбум иенээр Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцыг засч сайжруулах буцалтгүй тусламжийн төсөл 1-2-р шат, 10.6 тэрбум иенийн өртөгөөр тус станцыг засч сайжруулах хөнгөлттөй зээлийн төсөл 1-2-р шат, Техникийн хамтын ажиллагааны хүрээнд ахмад сайн дурын гишүүн томилон ажиллуулах, буцалтгүй тусламжийг хэрэгжүүлсний дараах дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны төслийг тус тус амжилттай хэрэгжүүлжээ. Одоо хэрэгжиж буй төсөл нь Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үйлдвэрлэлийн чадавхийг сайжруулахад чиглэсэн бөгөөд нийт 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийж байгаа ажээ.
Манай улсад үзүүлж буй Япон улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж нь буцалтгүй тусламж, иенийн хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр хэсгээс бүрддэг аж.
Японы Засгийн газар манай улсыг социализмаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэний дараа буцалтгүй тусламжаа олон улсын хандивлагч байгууллагуудтай уялдуулан дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт чиглүүлсэн ажээ. Энэ хүрээнд хэрэгжсэн төслийн нэг бол тус дулааны цахилгаан станцыг сайжуулах явдал байж.
ДЦС-4 нь 1983 онд тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжаар байгуулагдаж ашиглалтад орсон бөгөөд 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн дунд Зөвлөлтөөс ирэх тусламж дэмжлэг зогссоноос үүдэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдан, хуучин шаталтын систем нь доголдож, нүүрс зарцуулалтын хэмжээ эрс нэмэгджээ. Энэхүү дулаан хангамжийн үйл ажиллагаан дахь доголдол нь Улаанбаатарчуудын ая тухтай амьдрахад саад учруулж байж. Япончууд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараалсан алхмуудыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний анхны ажил нь 1992 онд эхэлсэн буцалтгүй тусламж болох цахилгаан станцыг засч сайжруулах төсөл юм. Харин удаах төсөл нь тус станцын найман бойлерыг бүрэн автоматжуулж үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад чиглэжээ.
Тэгвэл одоо MON-P10 хэрэгжүүлж байна. MON-P10 нь турбины хэвийн ажиллагаа, удирдлага хяналтын систем, зуухны үлээлгийн аппаратын суурилуулалт тээрмийн бутлуурын булыг шинэчлэх зэрэг үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Энэхүү төсөл нь жилийн 0.3 хувийн хүү бүхий нийт 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. “MON-P10”-ыг Японы “J-Power” зөвлөхөөр, харин гүйцэтгэгч компаниар Японы “Yokogawa Electric” Корпораци уурын турбины тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх, удирдлага хяналтын системийг бүрэн автомат системд шилжүүлэх нэгдүгээр багцыг, хоёрдугаар багц болох зууханд үнс үлээх аппарат байршуулах, тээрмийн булыг солих зэрэг ажлыг Монголын “МCS International” Японы “Hitachi Power”-ын хамтарсан консорциум хийж гүйцэтгэж байна. Нэгдүгээр багцын хувьд туслан гүйцэтгэгчээр Монголын “One Line” “REM” зэрэг аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай яваа аж. Харин хоёрдугаар багцын ажилд “Hasu Megawatt” “CMM” “Smart Craft” зэрэг аж ахуйн нэгж ажиллаж буй бөгөөд гүйцэтгэл нь 50 хувьтай байна.
“ДЦС-4 34 настай. Цахилгаан дулаан үйлдвэрлэлийн гол ачааг нуруундаа үүрч явна. Мөн “Хөнгөлөлттэй зээлийн хугацаа 40 жил. Тиймээс энэ хугацаанд ашигтай ажиллах шаардлагатай гэсэн үг. Цаашид үйлдвэрийн шинэчлэлийг үргэлжлүүлж хэвийн найдвартай ажиллагааг хангах болно” ” хэмээн тус станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцлов.
Уурын турбины тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх, удирдлага хяналтын системийг бүрэн автомат системд шилжүүлснээр үйлдвэрийн үр ашиг нэмэгдэхээс гадна, аюулгүйн ажиллагааг бүрэн хангах гэнэ. Өөрөөр хэлбэл хүний гараар хийж ирсэн бүх тохиргоог программ хангамжийн тусламжтайгаар автоматжуулахаас гадна гарч болзошгүй санамсаргүй алдаанаас сэргийлэх давуу талтай аж.
Мөн үеэр Эрчим хүчний яамны төслийн талын зохицуулагч О.Мөнхбат “Нэг зууханд дөрвөн тээрэм бий. Энгийн тээрмийн булын норм нь 4500 цаг байдаг. Монголд түүхий нүүрсийг шууд тээрэмддэг тул норматив цагтаа хүрдэггүй. Харин шинэ булыг тавьснаар 8-16 мянган цаг ажиллах боломж бүрдэх юм. Үүнээс гадна элэгдлээс үүдэлтэй тохируулга хийх хугацаа уртсаж ширхэг сайтай нүүрсийг зууханд шатаах юм” гэлээ.