ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас амьгүй төрөлтийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид амьгүй төрөлтөөс сэргийлэх зорилгоор “Ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээ, хяналт, төрөлт” сэдэвт цахим хурлыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Цахим хурлыг тус төвийн төрөх тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Ж.Энхтуяа удирдан явууллаа. Хуралд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Хүрээ, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Эх Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төв II, Баянзүрх, Баянгол, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч бүхий 136 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.
Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч, судлаач Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн бол ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Ж.Энхтуяа “Ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээ, хяналт, төрөлт” сэдвээр сургамж, дүгнэлтийг танилцуулж, онолын мэдээлэл өлгөө.
Ташрамд дурдахад ихсийн дутмагшилтай эхээс төрсөн нярайн 80 хувьд хүчилтөрөгчийн дутагдал илэрдэг ба нууц, цочмог, цочмогдуу, архаг гэж ангилдаг. Ихсийн дутмагшлыг оношлохын тулд эхээс өгүүлэмжийг маш сайн авах, эх барихын тусгайлсан үзлэг, лабораторийн шинжилгээ, 18-22, 30-34 долоо хоногтойд хүйн артерийн допплер, тархины дунд артерийн эсэргүүцлийн индекс, ургийн зүрхний цахилгаан бичлэг, ургийн хөдөлгөөн, хэт авиан шинжилгээнд ихсийн зузаан, нимгэн, ихсийн талбайн хэмжээ, ихсийн зэрэг, ховхрол зэргийг тодорхойлно. Мөн хэт авиан шинжилгээнд ихсийн зузаан жирэмсний хугацаандаа тохирохгүй байх, ихсийн талбайн хэмжээ янз бүр байх, ургийн зүрхний цахилгаан бичлэг эргэлзээтэй байх, ургийн өрцний амьсгалын хөдөлгөөн, ургийн мөчдийн тонус, хэмжээс, ураг орчмын шингэний индекс, ихсийн боловсролтыг анхаарах шаардлагатай.