“Аура засал“ хийх нэрээр бусдыг түлж, амь насыг нь ХОХИРООЖЭЭ



Иргэн Дулмаа нь нурууны өвчнийг энергиэр эмчлэх, аура засал хийх нэрээр Оюуны биеийг нүцгэлэн, өрөөний голд зогсоож, цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож, архинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах, 4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсан байна. Улмаар иргэн Оюуны биеийн гадаргуу 50-59 хувь нь түлэгдэж, эрүүл мэндэд 3 дугаар зэргийн түлэгдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирч, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч амь нас нь хохирсон байна. 

Дулмаагийн үйлдлийг прокуророос “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг гэж зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн, Дулмаагийн өмгөөлөгчөөс “… энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг юм” гэх үндэслэлээр, зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх талаар мэтгэлцжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулмаагийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар шууд учирсан, түүний болгоомжгүй үйлдэл нь Оюуны амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой, энэ үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож хэргийг зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.   

Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол буюу эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх, дахин Аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох  хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авчээ. 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

  Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ