А.Бурмаа: Хүний метапневмовирусийн халдварын үед хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна



Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийв. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа "Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна. 

Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирж байгаа шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Түүнчлэн сорьцын дүн мэдээллээс харахад, SARS-CoV-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна. 

Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг Хүний метапневмовирус (HMPV) вирус эзэлж байгаа юм. Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй учраас хатгалгаа, астма үүсгэж хүндэрдэг. Улмаар зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээдэг.

Илрэх шинж тэмдгийг тодруулбал, ханиалгах, нус гарах, хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Дээрх хордлогын шинж тэмдэг өвчилсөн иргэдийн 50-60 хувьд илэрч байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүд энэ халдварт зонхилон өртөж, хүндэрч байна.

Хүний метапневмовирусийг анх 2001 онд Нидерланд улсад амьсгалын замын шинэ халдвар үүсгэдэг нэлээд хоруу чанартай хордлогын эмнэл зүйн шинж тэмдэгтэй вирус хэмээн үзсэн. Үүнээс хойш хүн амын дунд жил болгон хоёр удаагийн давлагаа үүсгэж өвчлүүлдэг. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийнх нь хоёрдугаар сар хүртэл эхний давлагаа явна. Дараагийн давлагаа нь хоёрдугаар сараас үргэлжилдэг" хэмээн ярилаа. 

Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг. Өвөрмөц сэргийлэлт нь вакцинжуулалт юм. Харин өвөрмөц бус сэргийлэлт нь бидний мэдэх энгийн аргууд юм гэдгийг зөвлөв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ