Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргалтай эрүүл мэндийн салбарт хийгдэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар болон эмнэлэгт хийгдэж буй зарим ажлуудын талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог нэвтрүүлээд хоёр дахь жил рүүгээ орж байна. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ямар шинэчлэл, хөгжил ирэв?
-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хувьд гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлсэн анхны эмнэлгүүдийн нэг. Өмнө нь бид төвлөрсөн нэг төсөвтэй, ажилчдынхаа орон тоонд тохирсон тогтмол цалингийн фондтой, ачааллаас үл хамааран гарт авдаг нь нэг ижил байлаа. Тиймээс 2020 оны УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн тухай багц хуулийн шинэчлэлийг баталж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогод томоохон өөрчлөлт орсон. Салбарын бодлого үндсээрээ өөрчлөгдөх суурь хуулиуд бий болсон гэж хэлж болно.
Үүний үр дүнд эмнэлгүүд иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ хүртээмж, тоо, чанарт үндэслэн санхүүжилтээ авч эхэлсэн. Эмнэлэг хэдий чинээ олон үйлчлүүлэгчид чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж чадна төдий чинээ санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтой болсон гэсэн үг. Үүнийгээ дагаад ЭМДЕГ-аас эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанарт тогтмол шалгалт хийж, чанар аюулгүй байдлыг сайжруулахад түлхүү анхаардаг болсон.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хувьд олон эерэг үр дүн гарсаар байна. Тухайлбал, 2020 оны эцэст эмнэлэг 600 гаруй сая төгрөгийн өртэй гарсан бол 2021 оны эхний хагас жилдээ багтаан өрөө барагдуулж чадсан. Үүгээр барахгүй 2021 ондоо хамт олныхоо ажлын амжилтаар гүйцэтгэлийн санхүүжилтээ дүгнүүлж, нийт ажилчдын цалинг 20% нэмэхээс гадна 13 дахь сарын нэмэлт цалинг олгож, тасаг нэгжүүдээ их засварт оруулах зэрэг шинэчлэл рүү чиглэсэн олон алхамуудыг хийсэн. Түүнчлэн Ковид-19 цар тахлын үед өндөр ачаалалтай ажилласан хамт олондоо илүү цаг, нэмэгдэл, урамшууллыг үе шаттайгаар тухай бүрт нь олгож ажилласан.
Бид одоо эмч, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, дэмжих, гүйцэтгэлийг нь бодитоор үнэлэх, чадвахжуулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
-Сая наймдугаар сард маш олон эмнэлэг ар араасаа цалингаа нэмэж байгаагаа зарласан. Танай эмнэлгийн хувьд хамгийн өндөр хувиар буюу үндсэн цалинг 50 хувь нэмэх шийдвэр гаргасан. Энэ бүхнээс харахад цалинг нэмэж болдог юм байна гэсэн итгэл эмч, ажилчдад төрсөн болов уу?
-2021 онд цар тахлын нөлөөгөөр гүйцэтгэлийн санхүүжилийн хэрэгжилтийг төдийлөн сайн хангаж ажиллах боломж хомс байсан. Харин 2022 онд Ковид цар тахлын хор хөнөөл багасаж эмнэлгүүд үндсэн тусламж, үйлчилгээндээ анхаарах боломж олдсон. Ингэснээр гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн, давуу талыг улам сайн харуулах боломж бүрдсэн.
Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдаас бүх эрүүл мэндийн байгууллагуудад эмч, ажилчдынхаа цалинг боломжит хувиар нэмэх, нийгмийн асуудал дээр нь дорвитойхон анхаарах чиглэлийг өгсөн.
Манай эмнэлэг 2022 оны хагас жилийн тайлангаар харьцангуй үр дүнтэй ажилласан дүн гарсан. Сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд бид өөрсдийн боломж бололцоогоор ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх саналаа ТУЗ-даа танилцуулсан. ТУЗ-ийн зүгээс инфляцийн өсөлттэйгээ уялдуулан нийт ажилчдынхаа үндсэн цалинг ТУЗ-ын 2022 оны 8-р сарын 24-ний тогтоолоор наймдугаар сарын 01-ээс 50 хувиар нэмэгдүүлэх саналыг дэмжиж, баталсан.
Бид 2021 онд нийт ажилчдынхаа урамшуулал цалинг 30 хувь нэмж байсан. Ер нь үндсэн цалинг нэмснээр үндсэн цалин дээр суурилан бодогддог урамшуулал, нэмэгдэл хөлсүүд дагаад нэмэгддэг. Ингэсэнээр гарт олгох цалин бодитоор нэмэгдэж байгаа юм.
Бид цаашдаа нийт ажилчдынхаа үндсэн цалинг хавтгайруулж нэмэхээсээ илүүтэй гүйцэтгэлээсээ хамаарч цалин хөлс нь нэмэгдээд явдаг нээлттэй, ил тод, шудрага систем рүү шилжихээр ажиллаж байна.
-Саяхан танай эмнэлэг 32 ажилтандаа орон сууцны урьдчилгаа олгосон гэсэн. Ямар шалгуураар сонгосон бэ?
-Жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоороо эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэх чиглэл өгсөн. Тиймээс бид 32 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн.
Гол шалгуур нь УНТЭ-т найм ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан, цаашдаа үргэлжлүүлэн наймаас доошгүй жил ажиллах чин хүсэлтэй, тасаг хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажлын хариуцлага алдаж байгаагүй гэх мэт шалгуурууд тавьсан. Нийтдээ 200 гаруй хүн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээсэн. Тасаг, нэгж бүрт тус хөтөлбөрт хамрагдах квот олгосон. Ирсэн нэрсийг өргөтгөсөн ажлын хэсгээр авч хэлэлцэж шалгуур хангаж байгаа эсэх дээр дахин нягтлан, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулсан. Сонгогдсон ажилчид маань эмнэлгийн бүхий л нэгжээс шалгарсан бөгөөд эмч, сувилагч, инженер, техникч, туслах сувилагч, жолооч, үйлчлэгч гэх мэт хүмүүс сонгогдон хөтөлбөрт хамрагдсан. Ирэх жил бид гүйцэтгэл сайтай ажиллаж, үлдсэн ажилчдаа хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Мөн ХХБ-тай хамтын ажиллагааны хүрээнд сонгогдсон ажилчдыг ипотекийн 6 хувийн зээлд хамруулахаар болсон. Эхнээсээ ажилчид маань орон сууцаа сонгож, банкны зээл олгох үйл ажиллагаа эрчимжиж байгаа сайн мэдээ ирсээр байна.
-Эмнэлгүүд хаа сайгүй хүний нөөцийн дутагдалд орж байна. Чадвартай эмч нар нь хувийн эмнэлгээ нээгээд, улсын эмнэлгүүд шинэ резиндэтүүдээр дүүрэх боллоо гэх яриа байна? Энэ тал дээр танай эмнэлэг ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Манай улс гэлтгүй дэлхий нийт сувилагч, туслах ажилтны хомсдолд орсон. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал нэн тулгамдаад байгаа нь үнэн. Тиймээс УНТЭ-ийн хувьд шат дараатай хэд хэдэн бодлогын ажлуудыг эхлүүлээд явж байна. Нэгдүгээрт цалин, хөлсийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт карьер ахих боломжуудыг нэмэгдүүлэх, гуравдугаарт сургах, чадвахжуулах, мэргэшүүлэх тал дээр нь эмнэлгээс бүх талаар дэмжих. Үүн дээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бодит дэмжлэгүүдийг системтэй үзүүлдэг байх.
Бид сувилагчийн дутагдалд орох эрсдэлтэй байгаа учир эрсдлээс сэргийлэх хэд хэдэн компанит ажлуудыг хийж байна. Сувилагч нарын хувьд цалин хөлсийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс бид цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч нарынхаа үндсэн цалинг өнгөрсөн тавдугаар сард 20 хувиар нэмэж, наймдугаар сард 50 хувиар гээд нийт 70 хувиар нэмсэн.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр гадаад харилцаа саатаж байсан бол энэ жилээс энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж гадаад сургалтуудаа идэвхжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд урологи, андрологи, эрхтэн шилжүүлэн суулгах, үений мэс заслын чиглэлээр гурван эмч маань АНУ, Их британи, Австрали улсуудад гадаадын өндөр тэтгэлэгтэй сургууль, эмнэлгүүдэд суралцаж, ажиллах хөтөлбөрт хамрагдахаар болсон сайхан мэдээтэй байна. Мөн хамтран ажилладаг БНСУ, Тайвань, Туркийн эмнэлгүүдтэй хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж, эмч нараа хамруулж эхлээд байна.
-Гүйцэтгэлийн санхүүжилтэд эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шударга үнэлж чадаж байгаа юу?
-Олон улсын жишигт гүйцэтгэлийн санхүүжилттэй тохиолдолд KPI-аар үнэлдэг. Бид ч мөн цаг хугацаа, зардал, хүчин чармайлтыг нэг зорилгын төлөө төвлөрүүлэх KPI системийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ирэх 10-р сард туршилтын хувилбарыг хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтэд үндэслэн сайжруулалтуудыг хийж нийт эмч ажилчдаараа батлуулан 2023 оноос нийт ажилчдын гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг бий болгоно. KPI систем нэвтэрснээр эмнэлэгт хүний нөөцийн илүүдэл, дутагдал аль чиглэлд байна үйлчилгээний төрөл, хүртээмжийг сайжруулах боломжууд, нийт ажилчдын өдөр тутмын суурь ажлууд батлагдаж гарна. Хоёрдугаарт тухайн хүн үндсэн суурь ажлуудаа давуулан биелүүлбэл нэмэгдэл хөлс бодогдох хөдөлмөрийн шударга систем хэрэгжиж эхэлнэ
-Эмнэлгээр үйлчлүүлэх орчин нөхцөлийг сайжруулах засвар үйлчилгээ хэр хийгдэж байна вэ?
-Энэ жилийн хувьд таван тасагтаа их засвар хийхээр төлөвлөөд ажлаа эхлүүлээд байна. Үүнд урологи андрологийн төвийн засвар, ерөнхий мэс заслын тасгийн засвар, хоол үйлдвэрлэлийн тасаг түүний доорх 1 давхар, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгуудын засвар хийгдэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид хоол үйлдвэрлэлийн засвар бүрэн хийгдэж эмч ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хоолны чанар сайжирсан бөгөөд яг өнөөдөр Урологи Андрологийн Төвийн засвар хийгдэж байна.
-Баярлалаа.