Нэгдүгээр эмнэлгийн “Гастроэнтерологийн төв“ 50 түүхт жилийн ололт, амжилтаа олон улсад “тайлагнаж байна“



Улсын ууган эмнэлэг болох Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус төв нь түүхт 50 жилийн ойдоо зориулан "Монгол Улсын ходоод, гэдэс, элэг судлалын хөгжил" сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд Монгол, ОХУ, Швед, Япон, БНСУ, БНХАУ, Тайван зэрэг орнуудын 200 орчим профессор, эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга О.Баярмаа, Каролинска институтийн профессор Матиас Лөрр, Монголын Гастроэнтерологийн холбооны Ерөнхийлөгч Д.Даваадорж болон эмч, мэргэжилтэнгүүд оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа хэлсэн үгэндээ "Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн судлалын салбар үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Хагас 100 жилийн хугацаанд Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн судлалын салбар ямар ямар ололт амжилтуудыг олж авсан, цаашид юу хийхээ төлөвлөж байгаа талаараа хэлэлцэхээр өнөөдөр цуглаад байна. Манай хуралд зургаан орны долоон эрдэмтэн профессор оролцож, илтгэлээ тавихаас гадна Монгол Улсын хоол боловсруулах эрхтэний салбарт ажиллаж буй үе үеийн эрдэмтэд, эмч, мэргэжилтнүүд цугласан байна. Хурлын үеэр хоол боловсруулах эрхтэн судлал нь дотроо хэд хэдэн салбарыг агуулж байдаг. Үүнд ходоод гэдэсний эмгэг судлал, хеликовактерын судлал, цөс нойр булчирхайн эмгэг судлал, гэдэсний үрэвсэлт эмгэгүүд, элэг судлал, элэг шилжүүлэн судлал зэрэг бүхий л сэдвүүдийг энэ хурлын үеэр ярилцаж байна. УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь 50 жилийн хугацаанд эмнэлзүйн удирдамж, заавруудыг боловсруулах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, эрдэм шинжилгээний төсөлт ажлуудыг хэрэгжүүлэх, олон улсад илтгэх, эмчилгээ оношилгооны шинэ технологиудыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Каролинска институтийн профессор Матиас Лөрр:

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн 50 жилийн ойн хуралд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр тавигдаж буй лекцүүдээс харахад Монгол Улсын Гастроэнтерологийн төвийн салбарын хөгжил Европын улсуудын хөгжилтэй нэг түвшинд явж байгаа нь харагдаж байна. Ялангуяа өнөөдрийн хурал нь “Хоол боловсруулах эрхтэний эрүүл мэнд” уриан дор явагдаж байгаа нь бидний уриатай адилхан байна. Бид энэ тал дээр их анхаарал тавьж ажилладаг. Үүнээс гадна дурангийн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслууд ч гэсэн өндөр түвшинд хөгжиж байгааг харахад таатай байна. Гастроэнтерологийн салбарын ирээдүйд хийх ёстой хамгийн том ажил нь урьдчилан сэргийлэлт юм. Монголын Гастроэнтерологийн салбарынхан дурангийн мэс засалд маш их анхаарал хандуулж байгааг харахад таатай байна. үүнээс гадна Монголын эмч, мэргэжилтнүүд гадны орнуудад сургалт хийх тал дээр ажиллах нь хамгийн чухал.

Arslan.mn

Монголын Гастроэнтерологийн холбооны Ерөнхийлөгч Д.Даваадорж: 

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв буюу хоол боловсруулах эрхтэний тасгийн 50 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн хурлаар Монгол Улсад хоол боловсруулах эрхтэний тасаг үүсч хөгжсөн 50 жилийн хугацаанд ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв, үр дүн ямар байгаа талаараа олон улсад танилцуулж байна. 50 жилийн хугацаанд бид хоол боловсруулах эрхтэн судлал тэр дундаа ходоод гэдэс, элэг цөс, нойр булчирхай болон дурангийн тусламж, үйлчилгээг чанартай өндөр түвшинд ард иргэдэд үзүүлж ирсэн. Монгол Улсын хоол боловсруулах эрхтэн судлалын хөгжил дэлхийн түвшинтэй адилхан явж байна. Өөрөөр хэлбэл бид эмчилгээ, үйлчилгээндээ шинэ технологи, шинэ арга барил, шинэ эмчилгээг Монгол Улсад бүрэн нутагшуулсан.” хэмээлээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний бүх технологи, нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээний технологи, ээлг шилжүүлэн суулгах эмчилгээний хяналтын технологийг Монгол улсад анхдагчаар нэвтрүүлж, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтаар 860 гаруй эмч, мэргэжилтнийг бэлтгээд байна. 

Arslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ