БАЯРТ МЭДЭЭ: УНТЭ-ийн “Үүдэл эс шилжүүлэн суулгах баг“-ийн хамт олон ТӨРИЙН СОЁРХОЛ хүртлээ



Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олон "АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээрээ “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртлээ.

Шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдэд “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртээдэг билээ.

Arslan.mn

Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал, Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн гишүүн, Төрийн соёрхолт Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртлээ. Үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл анх УНТЭ-т 2011 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагууд дэмжиж, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт хийснээр анхны үүдэл эс шилжүүлэн суулгах “Ариун өрөө” лабораторыг байгуулж байсан. Ингээд хүний нөөцөө бэлтгэх, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэснээр 2014 онд анхны өвчтөнд өөрөөс нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан бол өнөөдөр нийт 36 өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Arslan.mn

Эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлснээр зөвхөн цусны салбараас гадна лаборатори, удам зүй, молекул биологи, цетогенетик, дархлаа дэмжих зэрэг маш олон технологи нэг шат ахисан. Технологийг нэвтрүүлэхэд дэмжиж ажилласан УНТЭ-ийн үе үеийн удирдлагууд болон багийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Ардын эмч Н.Оюундэлгэр багшдаа талархал илэрхийлье.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь өөрөөс нь өөрт нь болон донороос үүдэл эс шилжүүлэх гэсэн хоёр аргаар хийгддэг бөгөөд 2022 онд бид Монгол Улсад анх удаа донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 24 настай залууд амжилттай хийсэн.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч, Төрийн соёрхолт Н.Оюундэлгэр:

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Монгол Улсын Төриййн соёрхол” хэмээх эрхэм хүндэт бүтээлийн шагналыг авсандаа би болон манай багийн хамт олон маш их баяртай байна. Монгол Улсын анагаах ухааны салбарыг дэлхийн анагаах ухааны салбарт дөхүүлсний нэг тод жишээ нь Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлж эхэлсэн явдал юм. Энэ эмчилгээний ард маш том баг байдаг. Өнөөдрийн энэ шагнал бол манай баг хамт олны, УНТЭ-ийн цаашилбал Монголын анагаах ухааны салбарынханд өгч буй шагнал гэж харж байна. УНТЭ дээр л цусны эмгэгийн лавлагаа шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр миний дөрвөн шавь Төрийн соёрхол хэмээх шагналыг надтай хамт хүртэж байгаад маш их баяртай байна. Шавь нартаа маш их итгэж, баярлаж байна. Цаашид манай баг донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах, хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулах ажлыг хийх зорилт тавин ажиллаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ