ЖДҮ-ийг дэмжих хуулийн төслийг дэмжив



УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хуралдаан үдээс өмнө /2017.01.04/ болж ганц асуудал хэлэлцсэн нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг  дэмжлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасныг үндэслэн  боловсруулжээ.

УИХ 2014 оны зургадугаар сарын 6-ны өдөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үйлчлэх хугацаа дууссан. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор тоног төхөөрөмж импортлоход төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь үйлдвэрлэгчдэд ихээхэн дэмжлэг болдог тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд хуулийн хугацааг сунгах санал ирүүлжээ. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар баталснаар жижиг, дунд үйлдвэрт өрсөлдөөнийг бий болгож, экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ өсөх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хуралдааны үед Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг шүүмжилж, тооцоо судалгаа муу, засч сайжруулах зүйл олон байна гэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “хуулийн төсөл энэ хэвээрээ УИХ-ын чуулганаар орох юм бол унах магадлалтай” гэдгийг хууль санаачлагчид сануулсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “хэлэлцэх асуудлаа долоо хоногоор хойшлуулаад, хуулийн төслийг засч сайжруулаад оруулж ирвэл ямар вэ“ гэж байлаа.

Гэвч хууль санаачлагч нарын нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “хуулийн төслийг хойшлуулах шаардлагагүй. УИХ-ын чуулган дээр унавал тэр л биз. Том компаниуд нь 100, 100 тэрбумын боломж олдоод байдаг. Жижиг дунд үйлдвэрт гурван тэрбум төгрөг нарийлж байгаа бол одоо яахав дээ” гэв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд УИХ-ын чуулганд шилжүүлье. Гэхдээ нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө Засгийн газрын нэгдсэн байр суурийг тодорхойлсон, тооцоо судалгаагаа тодорхой болгоод оруулж ирээрэй” гэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнээр хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ