Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт боллоо. Хурлаар Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсантай холбоотойгоор гарсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын үр дүнг хэлэлцэж, шуурхай ажлын хэсгийн дүгнэлтийг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр 4 иргэн хордлогын шинжтэй, 1 иргэн өвчний улмаас нас барсан байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээс үзэхэд нас барсан иргэдийн цусанд метилийн спирт илэрчээ.
Энэ талаар Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга, цагдаагийн хошууч Н.Ганбаяр мэдээлэхдээ “Бид хуванцар сав, шилтэй шингэнээс дээж авсан. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Эхний байдлаар нас барсан иргэдийн цусанд метилийн спирт буюу метанол илэрсэн. Эсийн шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна.” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнгөрсөн хугацаанд улсын байцаагчид 59 шил архи, спиртээс дээж авч, лабораторид шинжилсэн. Шинжилгээгээр “ЖЕМ интернэйшнл”-ийн бүтээгдэхүүнд хийсэн сорилын дүн шаардлага хангасан гэж гарсан. Харин “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг” нэрийн архины хатуулгийн хэмжээ хүрээгүй гарсан. Өөрөөр хэлбэл, архины шошгон дээр хатуулгийн хэмжээг 39 градус гэж заасан ч шинжилгээгээр 28-32 градусын хооронд гарсан. Гэхдээ хатуулгийн хэмжээ нь хүний аминд хүрэх хэмжээ биш. Харин хэргийн газраас олдсон шил арчигч шингэний 40 хувьд нь метилийн спирт агуулагддаг.” гэсэн юм.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгааг хэлээд “Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны хооронд 3 хоногийн хугацаанд гэмт хэрэг, согтуугаас үүдсэн хэргийн дуудлага буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн дуудлага 61,9 хувь, согтуугийн дуудлага 63,3 хувь, зөрчил 39,3 хувиар тус тус буурлаа. Үүнээс иргэдийн амар тайван байдалд архи, согтууруулах ундаа ямар их нөлөөлдөг болох нь харагдаж байна.” гэж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралд мэдээлэл хийлээ.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 96 хүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчилсэн. Үүнтэй холбоотой зөрчил гараагүйг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа.
Түүнчлэн НИТХ-ын 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй, зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэллээ.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “ Хүнсний аюулгүй байдлыг хууль дүрмийн хүрээнд сахиулж ажиллах шаардлага бий. Монгол түмний сар шинийн баяр удахгүй болно. Тиймээс хүнсний бүтээгдхүүн худалдаалах, борлуулах асуудалд мэргэжлийн байгууллагууд онцгой анхааран ажиллахдаа аж ахуй нэгж байгууллага, иргэддээ дарамт учруулахгүйгээр хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг үүрэг болголоо” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.