ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф тэргүүтэй төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийв. Гурван цаг хагас үргэлжилсэн хэлэлцээ хаалттай болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Дмитрий Ушаковын мэдээлснээр, талууд олон улсын сэдэв, Украин, тэр дундаа нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэж, Киевийн оролцоотой гурван талт форматаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
АНУ-ын төлөөлөгчид Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нарын Давост хийсэн уулзалтын дүнг танилцуулжээ.
Ушаковын хэлснээр, газар нутгийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр Украин дахь мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тиймээс энэ асуудалд талууд онцгой ач холбогдол өгч хэлэлцсэн байна.
Талууд мөн аюулгүй байдлын асуудлаарх ОХУ, АНУ, Украины гурван талт ажлын хэсгийн анхны уулзалтыг Абу Даби хотноо зохион байгуулахаар тохиролцов. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн асуудлаарх АНУ8 ОХУ-ын хоёр талын уулзалт Абу Даби хотноо болно.
Талууд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Газын асуудлаарх Энхийн зөвлөлийн талаар ярилцжээ.