Дөрвөн хүний амь аварсан дэслэгчийг тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав



Галын аюулаас гэр бүлийн 4   хүний  амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн 24-ны өдөр 4 хүний амь насыг аварчээ. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм. Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ авулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нийслэлийн “Тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр шагнуулсныхаа дараа “2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явж байтал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудлын ойролцоо зам дагуу байрлах айлын хашаанаас утаа гарч байгааг харсан. Дөхөж очоод хартал тус айлын байшин шатаж байсан. Хаалгыг нь цохиод “Гал гарч байна” хэмээн орилоход хүн гарч ирээгүй. Ингээд хашааг нь давж, уг айлын том өрөөний цонхыг хагалаад 4 хүнийг дараалан гаргасан. Тухайн үед үүдний өрөөнд дэгдсэн гал хүчээ авч бүх өрөөнд утаа бий болж, юу ч харагдахгүй болсон. Хүнд нөхцөл байдал үүссэн байсан ч дотор байгаа бүх хүнийг аварчих юмсан гэсэн бодлоор  зүтгэсний үр дүн 4 хүний амь насыг аварлаа. Өнөөдөр миний эр зоригийг үнэлж, шагнаж байгаа нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлье. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, цагдаагийн албаныхандаа  баярлалаа. Мөн галаас аврагдсан 4 иргэнд эрүүл энхийг хүсье”  гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ