С.Зориг агсныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шүүх хурал өнөөдөр болж олны анхаарлын төвд байна. Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байгаа бөгөөд Шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар хорих байрнаас цахимаар холбогдож шүүх хуралд оролцож байна.
Шүүх хурал эхлэхэд яллагдагч Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.
С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас өнөөдрийн хурал болж байгаа юм.
Шүүх хуралд С.Зориг агсаны ах С.Баяр оролцсон бөгөөд С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах С.Оюуны хүсэлтийг уламжлан хүргэж байна” гэв.
С.Баяр "Би хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. Тэр гадаадад томилолтоор ажиллаж байгаа учир би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирсэн. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн санал тавив.
Шүүх хуралдаанд цахимаар оролцож буй Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна гэсэн бол Ц.Амгаланбаатар "Хэлэх санал байхгүй" гэжээ.
Улсын прокурор Ж.Сандаг-Очир, Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэснээр саналыг шүүгчид хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулав.
Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцын зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулах боллоо” хэмээн мэдэгдэв. Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд хаалтай горимоор үргэлжилж байна