Шинжлэх ухаан технологийн санд 10.5 тэрбум төгрөг төсөвлөжээ



УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдөрийн хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Салбарын сайд нарын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд боловсролын чанар, хүртээмжийн ирэх жилийн нөхцөл байдал, боловролын зээлийн санд хамрагдах оюутны тоо, цар хүрээ, шинжлэх ухааны салбарт үзүүлэх бодитой дэмжлэг, Монгол Улс дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээний түвшинд хэдийд хүрэх талаар болон амьжиргааны түвшин тогтоох судлагааг хэр бодитой явуулах гэж байгаа талаар илүүтэй тодруулж байв.

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь боловсролын зээлийн санд 2017 оны төсвийн төсөлд 100 тэрбум төгрөг туссан байгаа. Энэ нь нийт оюутны 50 хувьд хүрэлцээтэй. Үлдсэн 50 хувь нь сургалтын төлбөрөө төлөх боломжтой гэсэн судлагаа байгаа.

 

Оюутны сургалтын зээл хүссэн суралцагчдад Боловсролын зээлийн сангаас төлбөрийг нь тухайн их дээд сургуулийн дансанд шууд шилжүүлнэ. Харин шинжлэх ухаан технологийн санд 10.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнийг эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвигчдад зохих дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Мөн 45 нас хүртлэх эрдэм шинжилгээний ажилтан БНХАУ-ын зардлаар тухайн салбарын эрдэм шинжилгээний төвд ажиллуулах зэргээр энэ салбарт бид тодорхой зорилт тавин ажиллаж байгаа гэж хариулаа.

 

Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2020 он гэхэд бид дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээ үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа. БСШУСЯ-тай хамтран гадаадын их дээд сургуульд эмч мэргэжилтэн, боловсон хүчнээ түлхүү бэлтгэх талаар ажиллаж байна гэж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх жил Монгол Улсын хэмжээнд амьжиргааны түвшин тогтоох судлагааг хийнэ. Эхний ээлжинд Үндэсний статистикийн газартай хамтран амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг гаргахаар ажиллаж байна хэмээн хариулж байлаа.
 


Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ