Хошууч генерал Ж.Бадамбазар: Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадлаа



Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, ахлагч А,Н хоёр газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гарсан.  Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд ихэнх нь хөдөө орон нутгаас  ирсэн, бүрэн дунд боловсролтой хүмүүс байжээ. Тэд хээрийн сургалтын төвд бэлтгэл хийж байхдаа осолд өртсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар Шуурхай комисс  байгуулан ажиллаж байна. Осол гарсны дараа ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгээс ослын талаарх мэдээлэл хийлээ.

-Ослын талаар мэдээлэл өгөөч. Ямар нөхцөл байдалд сургуулилт хийж байсан бэ?

 -ЗХЖШ-ЫН ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БАДАМБАЗАР:

Өнөөдөр Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг. ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өнөөдөр 17,40 минутын орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажиллаж байна. Бид 17,40 минутын үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг бид хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ.

 

Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байнаГранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авахаар бэлтгэсэн.

Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан.

 - Осол юунаас болж гарсан бол?

- Яг юунаас гэдгийг одоо хэлж мэдэхгүй байна. Энд цагдаагийн байгууллага ажиллаж байгаа.  Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтайНэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй.

- Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн үү?

- Одоогийн байдлаар бид 3 хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа.

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ

-ЦЭРГИЙН ТАВ ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА, ДЭД ХУРАНДАА Т.СҮХБААТАР:

-Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа. Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Одоогийн байдлаар 2 цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Урьдчилсан байдлаар уг ослыг хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэсэн  дүгнэлтийг гаргаад байгаа аж. Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангид сургалтын гранат дэлбэрч, цэрэг шархадсан хэрэг өмнө нь гарч байсан юм. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 14-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг гарч байжээ.  Тухайн үед ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, “186 дугаар ангийн хуульч нарын хийсэн хэргийн газрын эхний үзлэгээр байлдагч гар гранатын тэслэгчийн аюулгүй ажиллагааг хангалгүй, шууд хамаагүй оролдсон нь дэлбэрэх шалтгаан болсон” гэдэг тайлбарыг өгч байсан юм.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ