Сүхбаатар аймгийн хэмжээнд 7776 иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг. Үүний 5860 нь өндөр настан байгаа бол үлдсэн хэсэг нь тахир дутуугийн болоод тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг иргэд байна.
Өмнө нь иргэд тэтгэвэр болон тэтгэврийн зээлээ зөвхөн Хаан болон Төрийн банкнаас авдаг байсан бол НДЕГ-ын А/42 тоот тушаалаар тэтгэвэр авагч нь банкаа сонгодог болох журам батлагдсан. Шинэ журам ч хэрэгжээд эхэлж. Харин тэтгэврийн зээлтэй иргэдийн тухайд зээлээ төлж барагдуулсаны дараа банкаа солих боломжтой юм байна.
Иргэд банкаа сонгодог болсноор нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай болгохыг зорьж байгаа хэрэг юм. Нөгөө талаас банкууд харилцагчаа татахын тулд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай. Хамгийн наад зах нь иргэдэд очер дараалалгүй үйлчлэх, цахим хэлбэрийг санал болгох, зээлийн хүүгээ бууруулах нь зөв. Иргэд ч нэн түрүүнд үүн дээр нь анхаарах хэрэгтэйг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П. Амар хэллээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт тэтгэвэр авагч иргэдийн 70-80 хувь нь тэтгэвэрийн зээлтэй. Зээл авахдаа бүгд 24 сарын хугацаагаар авдаг, зээл нь төлөгдөөд хэдэн сар болоод ирвэл дахиад л сунгаад авдаг байдал нийтлэг болжээ. Эндээс иргэдийн амьдрал, тэр дундаа ахмадуудын амьдрал ямар түвшинд байгааг харж болох юм. Ахмад залуугүй банкны барьцаанд орж, зээлнээс зээлний хооронд амьдарч байна.
Эх сурвалж : Montsame.mn