Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны төсвийн тодотголоор 7 төрлийн татвар нэмэхээр тусгасан. Хэлэлцүүлгийн үеэр автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг хасах, мөн хүүхдийн мөнгийг одоо олгож байгаа 60 хувьд үргэлжлүүлэн олгох санал гаргасан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанаар дээрх саналууд дэмжигдээгүй төсөлд тусгасан хэвээр үлдсэн юм.
Ажлын хэсгээс төсвийн Ерөнхийлөн захирагч нарын нэмэгдсэн зардлыг хасч 2017 оны улсын төсвийн батлагдсан хэмжээнд байлгахаар санал оруулж, төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүдийн дэмжлэг авсангүй.
Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн тодотголыг боловсруулахдаа татвар нэмэх, хүүхдийн мөнгө танахдаа ОУВС-гийн нэрийг барьдагаа болих хэрэгтэй. Мах, сүүний аяныг яг яаж хэрэгжүүлэх вэ? Хөтөлбөр нь батлагдаагүй, хэлэлцэгдээгүй зүйлд бид мөнгө тавих уу. Юунд хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Хэрвээ энэ зардлууд байхгүй бол бусад зардлууд хасагдахгүй. Олон нийтийн өмнө муухай харагдана. Хүүхдийн мөнгө хасагдсан хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй шүү.
Төсвийн тодотголыг боловсруулахдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оруулж ирсэн гэж бодож байгаа. Харин зарчмын хувьд шинэ хөрөнгө оруулалтыг дэмжиж болохгүй. Үнэхээр шаардлагатай байгаа олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой хөтөлбөрийг тусад нь санал гаргаж оруулж ирэх хэрэгтэй. ОУВС шинэ хөрөнгө оруулалт нэм гэж хэлээгүй биз дээ, Сангийн сайд аа" гэв.