Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч байна. Энэ нь улс орны эдийн засагтай холбоотой учраас үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа доошилж буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Тиймээс өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Харин ажлын байрыг бий болгоход төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Мөн ажил хайгчид маш идэвхтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд 70 орчим ажил олгогчийг ажил хайгчтай нь уулзууллаа. Анзаарч харвал өнөөдрийн өдөрлөгт залуучууд их идэвхтэй оролцож байна. Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт учир дутагдалтай байдаг. Бид энэ талд түлхүү анхаарч цаашид ажлын байрны өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.
Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс иргэдэд ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө. Түүнчлэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байв.
Урин дулаан цаг ирж, барилга болон хөдөө аж ахуйн ажил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн нээлттэй ажлын байрны саналыг зарим компанийн зүгээс тавьж байна. Тухайлбал Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд илрүүлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эко алт” ХХК-д гүйцэтгэх захиралаас эхлээд автын цахилгаанчин, бэлтгэгч, үйлчлэгч хүртэл 45 ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Тус компанийн зүгээс ажил горилогчдод уул уурхайн чиглэлээр хөдөө ажиллах боломжтой, ажлын туршлагатай байх шаардлагыг тавьж буй юм байна. Эхний ээлжид анкет бөглүүлнэ. Анкет дахь мэдээлэл шаардлага хангасан тохиолдолд 7 хоногийн хугацаанд ажлын ярилцлагад урьж, тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулах юм байна.
Харин хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” ХХК 8 төрлийн нээлттэй ажлын байр зарлав. Үүнд:
Тус компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлаж ажиллах гэр бүлийн малчин ажилд авах юм байна. Малчин нь 250-300 үхэр хариулах бөгөөд сард 700-1 сая төгрөгөөр цалинжуулах аж.
Ийнхүү “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үеэр 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.