Их Британийн коллежууд 500 гаруй хүмүүсийг хамруулан тэднийг гар утсандаа хэрхэн ханддаг талаарх судалгаа явуулахад “iPhone” болон “Android” утас хэрэглэгчид хувь хүний хувьд өөр өөр зан ааштай болох нь харагджээ.
Судалгаанаас үзвэл, “iPhone” хэрэглэгчид “Android” хэрэглэгчдийг бодвол үнэнч шударга, даруу байдлаараа доогуур байсан бол сэтгэл хөдлөл болон ухамсрын түвшнээр дээгүүр, илүү нээлттэй, илүү нийтэч хандлагатай байсан байна.
“iPhone” хэрэглэгч эмэгтэйчүүдийн тоо “Android” утас хэрэглэгч эмэгтэйчүүдийнхээс 2.5 дахин олон байсан ба “iPhone” хэрэглэгчдийн дундаж нас харьцангуй залуу буюу 26.9 байсан бол “Android” хэрэглэгчдийнх 31.4 байжээ.
Түүнээс гадна, “iPhone” хэрэглэгчид өөрсдийнх хэрэглэж буй гар утас нь тэдний байр суурийг илтгэдэг гэж үздэг байна. Тэд мөн бусдын санал болгосон утаснаас татгалзах хандлагатай байдаг бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, илүү ухамсартай байдаг ажээ.
Харин “iPhone” хэрэглэгчдийн хувьд шударга, даруу зан ба нинжин сэтгэлийн үзүүлэлт нь “Android” хэрэглэгчдийнхээс харьцангуй доогуур байсан байна.
“iPhone” хэрэглэгчид эд баялаг, нийгэмд эзлэх байр суурь зэргийг илүү сонирхдог, хувийн эрх ашгийнхаа төлөө тогтсон дүрэм журмыг зөрчих хандлагатай байдаг гэнэ.
Хэдийгээр “iPhone” хэрэглэгчид болон “Android” хэрэглэгчдийн хувь хүний зан байдлын ялгаануудын талаар олон дүгнэлт байдаг боловч хамгийн сүүлд явуулсан энэ судалгаа нь тэдгээр дүгнэлтийг практикт баталсан юм.
Судалгааг “Cyberpsychology”, “Behavior” болон “Social Networking” сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтэлжээ.