Ухаалаг гар утас худалдан авахдаа ямар үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй вэ?



Энэхүү нийтлэлээр ухаалаг утас сонгох шалгууруудыг товчхон хүргэх болно. Доорх шалгуурууд нь зөвхөн хэрэглэгчид ухаалаг утас сонгохдоо анхаардаг нийтлэг үзүүлэлтүүдийг тусгасан бөгөөд заавал дагаж мөрдөх ёстой дүрэм журам биш юм шүү

  • Загвар болон Жин

 

 

Ухаалаг утас үйлдвэрлэгч бүр өөрсдийн гэсэн өвөрмөц загварын хэв маягтай боловч дийлэнх утаснууд тэгш өнцөгт хэлбэртэй байдаг. Худалдан авагчдад анхны сэтгэгдлээ таатай байдлаар төрүүлж, анхаарлыг нь татахад дизайн чухал үүрэгтэй. Загварлаг, толигор,бат бөх, гарт барихад хялбар, өөртөө тохирсон өнгөтэй, тансаг харагдах байдалтай гэх мэт үзүүлэлтүүдээс хамгийн багадаа 3 шинж чанарыг агуулсан ухаалаг утас сонгоорой.

Утасны гадаад үзэмжээс гадна жин болон хэмжээг сонголт хийхдээ харгалзаж үзэх нь зүйтэй юм. Хүнд, овор хэмжээ томтой утас халаасандаа авч явна гэдэг тийм ч таатай байхгүй нь мэдээж юм. Харин бүсгүйчүүдийн хувьд ухаалаг утсаа цүнхэндээ авч явдаг тул хэмжээ тийм ч чухал биш байх. Жишээ нь, Redmi 3S загварын утас 144 грам жинтэй учир яг л өд шиг байхад, Mi MAX 203 грам жинтэй учраас хүнд жингээсээ болоод халаасандаа авч явахад таны өмдийг  доош нь  татаад байж магадгүй шүү.

  • Дэлгэцийн хэмжээ болон нягтаршил

 

 

Одоогийн байдлаар ухаалаг утасны дэлгэцийн стандарт хэмжээ 4.5 – 5.0 инчийн хооронд байна. Дэлгэцийн хэмжээ нь 5.0 инчээс илүү бол тухайн төхөөржийг гар утас, таблет 2 ын ирлийз фаблет гэж үздэг. Мөн дэлгэцийн нягтаршил нь ухаалаг утас сонгох бас нэг чухал үзүүлэлт болдог. Товчхондоо ухаалаг утсаараа бичлэг болон кино их үздэг хүмүүс том хэмжээтэй өндөр нягтралтай дэлгэц бүхий утас сонгох хэрэгтэй. Энгийн хэрэглэгчид бол 720 пиксел дэлгэцийн нягтаршилтай утас хангалттай байхад, кино фанатуудын шаардлагад 1080 пиксел нягтаршилтай утас илүү зохимжтой юм. Гэхдээ ухаалаг утасны дэлгэцийн нягтаршил их байх тусам тэр хэрээр илүү батерей  зарцуулдаг гэдгийг мартаж болохгүй.

  • Сүлжээ

Хэрэв таны ашиглаж байгаа сим карт зөвхөн 3G сүлжээ дэмждэг бол ухаалаг утас сонгоход амархан байх болно. Ухаалаг утас ядаж HSPA(3G) сүлжээ дэмждэг байхад таны хэрэглээнд ямар нэгэн асуудал гарахгүй. Харин 4G LTE сүлжээ дэмждэг симтэй хэрэглэгч өөрсдийн сонгох гэж буй ухаалаг утсаа LTE сүлжээ дэмждэг эсэхийг дахин нэг нягтлахад буруутахгүй шүү. Хэрвээ хятадад үйлдвэрлэсэн ухаалаг утас худалдаж авахаар зэхэж буй бол таны сонгосон утас FDD-LTE эсвэл TDD-LTE сүлжээ дэмждэг эсэхийг шалгаж үзээрэй. Учир нь FDD-LTE сүлжээг дэлхийн нийтээрээ ашигладаг бол TDD-LTE сүлжээг зөвхөн хятадад л ашиглах боломжтой.

  •  Камер

 

 

 

 

Камер бол гар утас сонгох бас нэгэн чухал үзүүлэлт. Ухаалаг утасны камерын чанар техник хангамжаасаа их шалтгаалдаг болсон тул дан ганц мегапикселын хэмжээгээр нь тухайн утасны камерын чанарыгтодорхойлох боломжгүй болоод байна. Камер сайтай ухаалаг утас хайж байгаа хэрэглэгчид өгж чадах хамгийн сайн зөвлөгөө бол сонгосон утасныхаа шүүмж бичлэгийг үзэх юм. Тухайн сонгосон утсыг ашиглаж үзээд үнэлгээ өгсөн бичлэгүүдийг үзэх нь чанартай камертай ухаалаг утас сонгох шалгарсан арга билээ. Ихэнх утасны камерууд хүний анхаарал их татдаг ганц нэг онцлогыг хөгжүүлж бусад үзүүлэлтүүдээ орхигдуулдаг болсон тул сайн камертай утас олоход хэцүү болсон байна.  Чанартай камертай ухаалаг утас авах бас нэгэн шалгарсан арга бол чанартай, найдвартай брэндийн бүтээгдэхүүнийг сонгох юм. Нөгөө талаас таны худалдан авах гар утасны камер наад зах нь 8MP түүнээс дээш байсан нь дээр гэж бодож байна.

  •  Батерей

 

 

Ихэнх тохиолдолд утасны хэмжээгээ дагаад батерейн хэмжээ өөрчлөгддөг. Гэхдээ ухаалаг утасны програм хангамж цэнэг зарцуулалтанд чухал нөлөөтэй. Ухаалаг утасны RAM-ийг оновчтой ашиглаж чадвал цэнэг зарцуулалтыг багасгаж болдог.  Нөгөө талаас батерей хүчин чадлыг харах хэрэгтэй. Батерей mAhнь доод тал 3000 болж өгвөл түүнээс дээш үзүүлэлтэйг сонгоорой. 

  • Санах ой

Дийлэнх хэрэглэгчид гар утасны санах ойг аль болох их байлгахыг хүсдэг. Ухаалаг утасны дундаж санах ой 16GB байдаг боловч хэрэглэгчийн хүсэлтээс шалтгаалж өсгөх боломжтой. Утас сонгохдоо санах ойн хэмжээ болон дахин нэмж өртгөтгөх боломж ологодог SD картны оролт байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Мөн таны хэрэгцээнд тухайн ухаалаг утасны санал болгож буй санах ойн хэмжээ таарч байгаа эсэхийг дахин нэг нягталж үзэхэд илүүдэхгүй.

  • Шуурхай санах ой(RAM) болон Боловсруулалтын хурд (CPU)

 

 

Олон үйлдэл зэрэг хийхэд таны гар утасны шуурхай санах ой чухал үүрэгтэй. Шуурхай санах ой их байх тусам та ухаалаг утсаараа олон апп зэрэг ажиллуулах боломжтой болно гэсэн үг. Нэг ёсондоо шуурхай санах ой (RAM) гэдэг нь таны утсан дээр ажиллаж байгаа бүх апп-уудын өгөгдлийг тухай бүрт хадгалж байх хүчин чадлын хэмжээ гэж ойлгож болно. Та өөрийнхөө ухаалаг утсаар бүх төрлийн шинэ апп-уудыг суулгаж туршиж үзэхийг хүсдэг үү эсвэл зүгээр энгийн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Хэрвээ шинээр гарж буй апп-уудыг туршиж үзэх дуртай бол таньд хамгийн багаа 2GB-ийн шуурхай санах ойтой утас сонгохыг зөвлөж байна. Харин утсаа аль болох энгийн байдлаар ашигладаг хүн бол утасны шуурхай санах ойд тийм ч их санаа зовохгүй байж болно.

Таны утасны өгөгдөл  боловсруулалтын хурд чухал уу? Ухаалаг утсанд ирж буй бүх коммандуудыг боловсруулж, биелүүлж байдаг үйл ажиллагааны  нэгдсэн төвийг CPU гэдэг. Өндөр хүчин чадалтай процессор 3D тоглоом, 1080p бичлэг хийх зэрэг үйлдлүүдийг илүү амархан, хурдан болгож өгнө. Хэрвээ таны ухаалаг утас худалдаж авж байгаа шалтгаанд чинь дээр дурдсан үйлдлүүд байхгүй бол утасныхаа процессорт санаа тавихгүй байж болно.

  • Програм хангамж

Ухаалаг утасны техник хангамжуудыг сайжруулж болдоггүй. Гэхдээ програм хангамж бол өөрийн онцлог боломжууд болон шинэчлэлтүүдээсээ хамаарч хэрэглэгчийн хэрэглээг улам хялбарчилж байдаг. Угаасаа програм хангамжийн шинэчлэлт тогтмол хийдэггүй ухаалаг утас технологийн хөгжил  маш хурдан байгаа өнөө үед зүгээр л нэг  хуучны эд болж хувирна. Мөн дан ганц шинэчлэлтээс илүү найдвартай, элдэв янзын асуудал гараад байдаггүй програм хангамж их чухал. Зарим ухаалаг утасны програм хангамж хөгжүүлэгчид хэрэглэгчдийн хүсэлтийг өөрсдийн бүтээгдэхүүндээ тусгаж өгдөг байхад зарим нь тэгдэггүй. Та өөрийн сонирхож буй ухаалаг утасныхаа хэрэглэгчдээс авсан үнэлгээ, бусад хэрэглэгчийн ашиглаж үзээд туршлагаа хуваалцсан бичлэг , нийтлэлүүдийг судлах бол шалгарсан арга юм шүү. 

  • Эцэст нь хэлэхэд:

Дээр дурдсан 8 гол үзүүлэлтүүд нь ихэнх хэрэглэгчдэд өөрсдийн хэрэглээ, хүсэл сонирхолд нийцсэн утсаа сонгоход нь тус болж чаддаг. Эдгээр үзүүлэлтүүдээс гадна дуугаралт, 2 сим зэрэг ажиллуулах боломж гээд маш олон үзүүлэлтүүд бий. Мэдээж дан ганц үзүүлэлтүүдээс гадна, таныг ухаалаг утсаа  худалдаж авсны дараа найдвартай, хурдан шуурхай засвар үйлчилгээ өгч чадах албан ёсны газраас сонголтоо хийх нь чухал юм.

 

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
3
ТААЛАГДЛАА Like an arslan post
2
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ