Эдгээр оюутан нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн жуулчид ихээр зорчдог гудамж, талбайн 15 чиглэлд 300 хүн/цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нийслэл хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт, Улаанбаатарын шөнийн гэрэлт гудамж, Үндэсний их баяр наадам, Даншиг наадам-Хүрээ цам-2017 зэрэг гадаад, дотоодын жуулчид ихээр оролцсон арга хэмжээний үеэр ажилласнаар гадаадын иргэд, жуулчидтай холбогдол бүхий хэрэг, зөрчил гараагүй байна. НАЖГ, НЦГ, НОБГ-аас гаргасан түүх, соёл, үндэсний их баяр наадам, хэв журам, онцгой байдал, эрүүл ахуйн чиглэлийн товч танилцуулга, зөвлөмж бүхий 25 төрлийн 8600 гаруй ширхэг эвхмэл танилцуулга, УБ хотын газрын зураг зэргийг түгээж, гадаадын 8752, дотоодын 5658 иргэнд эрх зүй, аялал жуулчлалын мэдээ, мэдээллээр хангаж, гадаад, дотоодын олон жуулчин, иргэдийн талархлыг хүлээжээ.
Оюутан цагдаа О.Бат-Эрдэнэ, Ж.Анужин нар АНУ-ын жуулчин “Union Pay” виза картнаасаа 36.000 төгрөгийн төлбөр хийхийг андуурч 3.600.000 төгрөг уншуулсан байсныг хэлмэрчилж тухайн АНУ-ын иргэний хохирлыг залруулж өгснөөр жуулчдаас талархал хүлээж, оюутан цагдаа жуулчны улиралд ажиллах ач холбогдолтойг харуулсан байна. Оюутан цагдаа ажилласан гурван сарын хугацаанд /6,7,8-р сард/ гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33,33 хувиар буурсан байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Холбооноос “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээнд хамрагдан амжилттай оролцсон нийт оюутнуудад талархал хүргэж, оюутан Э.Ундрах-Эрдэнэ /МУИС/, Т.Болормаа /ХААИС/, Г.Номундарь /МУИС/ нарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Өргөмжлөл, мөнгөн шагналаар, оюутан О.Бат-эрдэнэ, Ж.Анужин нарыг нийслэлийн Цагдаагийн газраас Талархал, мөнгөн шагналаар, оюутан Э.Уугантуяа, Ж.Төрболд нарыг Монголын оюутны холбооноос Манлайлагч оюутан, Манлайлагч залуу алтан медалиар тус тус шагнажээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.