“CNN” АГЕНТЛАГ ДЭЛХИЙН АВАРГА Д.СУМЪЯАГ ОНЦОЛЛОО



Өнөөдөр “CNN” агентлаг Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумъяаг онцолжээ. “Жүдогийн од Доржсүрэнгийн Сумъяа монголчуудаа уярууллаа” хэмээх гарчигтай тус нийтлэлд “...Хэзээ ч дуусашгүй мэт тулааны төгсгөлд Доржсүрэнгийн Сумъяа цэг тавьж, толгой уургалж, жүдогийн хэллэгээр “коши-гурума” мэх хийн, вазари үнэлгээ авснаар -57 кг-ын жинд дэлхийн аварга болсон билээ. Дэлхийн чансааны номер нэг тамирчин Цукаса Ёшидог ялсан нь түүний ялалтыг улам онцгойруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэхүү барилдааны агшин бүрийг хэдхэн метрийн хажуугаас сэтгэл догдлон үзсэн юм. Тулааны урлагийн тамирчин, Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч, эдүгээ үндэстэн төлөөлөх ерөнхийлөгч болсон Х.Баттулга сэтгэлээ барьж ядан “Монгол Улсын хувьд гайхалтай өдөр тохиож байна. Бидэнд дахиад ч олон олон сайн жүдоч байгаа” хэмээн хэлэв.

Тэрбээр “Бид Японы тамирчныг ялж, япон тамирчнаас өөр орны бөх авсан анхны алтан медалийн эзэн боллоо. Миний эх оронд жүдо бөх үндэстний хувьд тэргүүний спорт болон хөгжиж байгаа. Гэхдээ жүдо бөх дан ганц спорт гэхээсээ нэгэнт хальсан том ойлголт. Энэ бол сахилга бат, төлөвшил, хүндлэл юм. Жүдо бөхчүүд нэг нэгэндээ хүндлэлтэй ханддаг. Өнөөдөр бид Монгол Улсын шинэхэн баатраа өлгийдөн авч байна” гэж нэмж дурьдлаа.

Дэлхийн аварга Д.Сумъяа “Рио-2016” оны Олимпийн наадамд Бразил Улсын бөх Рафаэло Силвад ялагдаж, мөнгөн медаль хүртэж байсан билээ. Энэ удаад шагналын тавцангийн хамгийн өндөрт зогсож байлаа. Монгол Улсын далбаа Будапештын тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэх мөчид тэрбээр нулимсаа барьж дийлсэнгүй.

Эдүгээ 26 настай Д.Сумъяа Хашбаатарын Цагаанбатаар (-66 кг, 2009 он), Мөнхбатын Уранцэцэг (-48 кг, 2013 он), Ганбатын Болдбаатар (-60 кг, 2014 он) нарын гаргасан амжилтыг үргэлжлүүлж, Монголоос тодорсон дөрөв дэх Дэлхийн аварга болж байна” гэжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ