“Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна.
Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2015 онд хөгжлийн албан ёсны тусламжийн дүн ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэж, нийт 5.5 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг авсан гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийт экспортод эзлэх хувийн жинг нь нэмэгдүүлэх зэргээр ажлын байр болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн зөв зүйтэй бодлого, гадаад зах зээлийн тааламжтай орчин нөхцөлийн үр дүнд манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хэд хэдэн алдаа гаргасны улмаас өсөлт тасралтгүй буурсаар 2016 оны жилийн эцэст эдийн засгийн өсөлтгүй гарах магадлалтай байна. Монгол Улсын Засгийн газраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлж, эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийг идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр, макро эдийн засаг тогтворжиж, эдийн засгийн бодит өсөлт дунд хугацаанд 3,0 - 7.0 хувьд хүрч өсгөнө. Засгийн газрын тавьж буй хөгжлийн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээс гадна гадаад эх үүсвэр, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа өнөөгийн эдийн засаг, банк, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг бид гадаад түншүүд, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, хамтын ажиллагаа, ард олныхоо итгэлийн үр дүнд амжилттай даван туулж, цаашдын урт хугацааны тогтвортой өсөлтийн замд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид оролцож байна.
Хурлын нэгдүгээр хэсэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер нар илтгэлээ танилцуулав.
“Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэж ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер тэмдэглэв.
Мөн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөж байна.
Харин хурлын гуравдугаар хэсэгт Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх юм. Хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Баете Транкман, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар илтгэлээ танилцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.