Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө.
“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийнн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд туслаж, бүртгэж өгөх болно” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ярилаа.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн цэцэрлэг дээр даац хэтэрч, хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно. Энэ сугалааг санамсаргүй аргын функцээр явуулна. Үүнийг үнэн зөв, ил тод явуулж байгаа эсэхийг Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газарт батлан харуулсан байгаа” хэмээн хэлсэн юм.
Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Та илүү дэлгэрэнгүй болон лавлах зүйл байгаа бол дүүргүүдийн боловсролын хэлтсийн доорх утсанд холбогдох боломжтой.
Баянгол 88093035
Баянзүрх 260022, 95267120
Багануур 70213815
Хан-Уул 342470
Налайх 70233008, 89777590
Сүхбаатар 70111606
Сонгинохайрхан 70171110, 70171117
Чингэлтэй 315442
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар 330822
Нийслэлийн Боловсролын газар 70113032, 70113039
Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.