МХЕГ-ын албан тушаалтнуудыг дахин хорьж, Д.Батбаярыг суллах нь



МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг яллагдагчаар тооцон нэг сар цагдан хорих шийдвэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн үдэш дээрх хүмүүсийг хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан бөгөөд хуулийн дагуу 48 цаг албадан саатуулсан юм.

Дээрх хоёр хүн хилээр бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгохын тулд зориуд хүнд суртал үүсгэдэг байж. Бизнес эрхлэгчид зөвшөөрлөө шуурхай авахын тулд тэдэнд хахууль өгдөг бололтой. Н.Баярсайханы албан өрөөнд шалгалт хийхэд биед нь 10 000 ам.доллар, өрөөнд нь 10 гаруй сая төгрөг, гэрт нь нэгжлэг хийхэд 150 мянган ам.доллар, 150-иад сая төгрөг байсныг АТГ-ынхан хурааж авсан юм. Э.Аззаяагийн дүүгийн гэрээс 70 сая төгрөг хураасан байдаг. АТГ-ынхан тэднийг үргэлжлүүлэн хорихоор болж, НПГ-ын хяналтын прокурорт хүсэлтээ хүргүүлсэн аж.

Прокурор цагдан хориулах тухай санал шүүхэд гаргасан ч 48 цагийн хугацаа дууссан өдөр нь шүүгч уг саналыг хүлээн аваагүй гэнэ. Харин даваа гаригийн 15.00 цагт АТГ-ынхны дахин тавьсан саналд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг удирдлага болгон 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргасан аж.

Дээрх хүмүүсийн ийнхүү цагдан хорьсон бол, хээл хахуулийн хэрэгт холбогдсон өөр нэг хүнийг суллах шийдвэр шүүх гаргаж буй гэнэ. Үйлдэл дээр нь, авч буй мөнгөтэй хамт АТГ-ынхан саатуулаад байхад шүүх, прокурорынхон суллах болсон нь хачирхалтай. Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “Зөөлөн од” компанийн захирал С.Батболдоос 57.5 сая төгрөгийн хахууль “Эрдэнэс тээвэр” гэдэг компанийн захирал Н.Хонгорзулаар зуучлуулан авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ