Арьсны эрүүл ахуйн талаарх есөн эндүүрэл



Арьсаа зөөлөн, торгомсог болгож, элдэв батга болон үснээс ангижруулах арга цөөнгүй байдаг.

Ээжээсээ, найзаасаа сонсож,эсвэл сэтгүүлээс уншсан байж болох юм. Тэдгээрийн дунд нэмэр болохоосоо илүү нэрмээс болох, бүр туршиж үзэх ч хэрэггүй зөвлөгөө байдаг нь хамгийн аюултай болох тухай ‘Леди.ру’ сайтад мэдээлжээ. Хамгийн түгээмэл байдаг эндүүрлээс танилцуулъя:

1. Бие дээрх үсийг байнга аваад байвал улам нарийн ширхэгтэй болдог.

“Энэ бол жинхэнэ эндүүрэл!” гэж Нью-Йоркийн их сургуулийн арьсны өвчин судлалын салбарын профессоруудын холбооны гишүүн, доктор Ариэль Кувар нотолж байна. Хусах үед үсний ил хэсэг тайрагдаж, харин угт өөрчлөлт орохгүй. Үсний уг хөндөгдөөгүй цагт үсэнд ямар нэг өөрчлөлт орохгүй. Заримдаа угтайгаа авагдах ч гэмтэлтэй үс /үс ургах ч ургалт арьсан дор явагдаж, арьсны өнгөн хэсэгт улайж үрэвсдэг, бас буржийж, салаалж ургадаг/ ургах нь бий.

2. Арьсны гадна давхаргыг хиймлээр гуужуулах нь бие дээрх үсний ургалт арай удаашрахад нөлөөлдөг.

Арьсны гадна талаас ямар ч нөлөө үзүүллээ гэсэн арьсан доорх ургалтад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж Нью-Йоркийн Арьсны өвчин судлалын институтын захирал, доктор Рональд Бранкаччио ярьсан байна. Түүний хэлснээр, өнөөдөр үсний ургалтыг удаашруулахад нөлөөлдөг цорын ганц бэлдмэлийг Vaniqa гэдэг. Үүнийг нүүрэн дээрх илүүдэл үснээсээ ангижрахын тулд эмэгтэйчүүд голдуу хэрэглэж байна. Энэ бэлдмэл үсний угийн булцуу бий болоход нөлөөлдөг энзим гэдэг бодисыг ялгаралтыг зогсоодог ажээ.

3. Үрчлээ 25 наснаас эхэлж үүсдэг.

Хүн бүрт цаг нь болохоор үрчлээ үүсдэг, гэхдээ энэ нь тухайн хүний ген, амьдралын хэв маяг болон бусад нэлээд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Гоо засалчдын хэлснээр, наранд та хэр олон цаг байна, төдийчинээ олон үрчлээтэй болно. Үрчлээ бол арьсны чухал уураг болох коллаген алдагдсаны ул мөр. Нас ахихын хирээр коллаген нөхөгдөх нь улам бүр багасч, үүнээс болж арьсны булбарай, торгомсог байдал залуу байсантай харьцуулахад буурсан байдаг.

Наранд удаан байх нь коллаген боловсрохыг улам бүр багасгаж, танд хэзээ ч байх ёсгүй үрчлээг бий болоход хүргэдэг. Хэрвээ та нүдээ байнга арчиж, нухаад байвал нүдний эргэн тойронд цагаас эрт үрчлээ үүсгэнэ. Юуны түрүүнд, үрчлээ арьсны эд эс хамгийн их зангирч байгаа хэсэгт үүсдэг. Тиймээс та нүдээ онийлгож, хөмсгөө зангидаж эсвэл байнга инээмсэглэвэл үрчлээ заавал үүснэ. Мэдээж хүн нүүрний ямар нэг хувирал үзүүлэхгүй байх боломжгүй. Нүүрний хувиралгүй хүн ч сайхан харагдахгүй шүү дээ.

4. Нүүр цэвэрлэгч шингэн эсвэл нүүрний тосыг нүдний ойролцоо түрхвэл үрчлээ үүсгэнэ.

Энэ худлаа! Та өөртөө ингэж үрчлээ үүсгэхгүй. Харин өдөр бүр арьсаа нэг газар хүчтэй дарж татаад байвал үрчлээ үүснэ. Жишээ нь, та нэг талаараа хажуулдаж унтдаг бол, шөнө бүр таны арьс нэг л газартаа дарагдсаар байгаад үрчлээтэж магадгүй. Ийм таагүй зүйлээс зайлсхийхийн тулд дээш харан хэвтэж унтах хэрэгтэй.

5. Өдөрт найман аяга цэвэр ус уувал таны арьс торгомсог болох болно.

Хэн энэ хэмжээг тогтоосон юм бэ? Арьс эрүүл байхад мэдээж хэрэгтэй. Харин найман аяга гэдэг бол хэтрүүлэг. Хэрвээ та хуурай арьстай бол ийм чийгшүүлэлт танд тохирохгүй, харин гоо сайхны чийгшүүлэгч шингэнүүд тус болно.

6. Сүүгээр дүүргэсэн онгоцонд орвол таны арьс сайхан болно.

Энэ үнэн, гэхдээ танд ойролцоох дэлгүүрийн бүхэл бүтэн тасгийг хоослох хэрэгтэй болох юм. Сүү үрэвссэн арьсыг тайвшруулж амраах үйлчлэл үзүүлнэ. Сүүнд орох нь далайн давстай усанд орсонтой адил ажээ. Сүүнд орох нь тайвшруулах үйлчлэлтэйгээс гадна нарны түлэгдэлтийг сэдрээж болзошгүй. Сүү хэрэглэх нь арьсны ерөнхий байдлыг сайжруулахад тус болдог. Бас Д амин дэм болон кальци арьсанд нөлөөтэй ажээ.

7. Тарга үүсээд байгаа газраа хуурай, бие үрэгчээр массаж хийвэл целлюлитээс ангижирна.

Үнэн хэрэгтээ, орчин үеийн анагаах ухааны бүх ололт амжилтаас үзвэл целлюлитээс ангижрахад тус болохоор зүйл бараг үгүй. Жүржийн хальс шиг болсон целлюлитээсээ ангижирч болох боломжийн арга нь арьсаа чангаруулж, түүнийхээ ард целлюлитээ “нуух” арга байж болохыг доктор Бранкаччио зөвлөсөн байна. Асуудал үүссэн хэсэгтээ гүн массажийг долоо хоногт нэлээд хэдэн удаа хийх бас нэг арга байдаг аж. Целлюлитийг ул мөргүй арилгах арга одоогоор байхгүй, харин туршилтын шатандаа яваа олон арга бий гэнэ. Харин бие үрэгчээр массаж хийх арга тэдгээрийн тоонд огт ороогүй байна. Тэгвэл яагаад олон эмэгтэй тийм массаж ашигтай гэж ярьж байна вэ? Зүгээр л тэдний арьс сэтгэлд нь нийцэхгүй, биеийн энд тэнд овойж товойгоод, хааж нуух ч аргагүй болсонтой холбоотой. Харамсалтай нь овойж товойх нь багасах ч, целлюлит байдгаараа л байна.

8. Бохирдол, шоколад, тослог хүнс батганы “сайн нөхөд”.

Энэ бол ёстой худлаа. Шинжлэх ухааны үүднээс үүнийг батлаагүй байгаа. Эдгээр хүнсийг тохируулж хэрэглэвэл айгаад байх явдал үгүй. Ургамлын гаралтай тосыг хүнсээр дамжуулж хэрэглэснээс батга үүсэхгүй, харин хүний арьсанд тийм тос түрхсэнээр батга үүсч болох юм. Бохирдол ч бас буруугүй. Харин ч эсрэгээр, бохирдлыг хэт цэвэрлэх гэснээс болж батга үүсч мэднэ. Нүүрээ савандаж хүчтэй үрэх хэрэггүй, хэт хуурайшсан арьсанд бохирдсоноос илүүтэй батга үүсдэг.

9. Гэрлээр шарах нь амралт, сувиллын газар наранд түлэгдэхээс зайлсхийхэд тус болдог.

Арьс үл ялиг борлосон байх нь хүрэн улаан болтлоо түлэгдэхээс хамаагүй дээр. Гэвч аль аль нь муу үр дагавартай. Гэрлээр шарах нь арьсанд маш хортой. Далайн эрэг дээр та түлэгдэхгүй, наранд жаахан ахиухан шарсан байхад бас гэмгүй. Харин гэрлээр шарснаас болж арьсны хорт хавдар үүсдэг.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ