Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд



Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас дараах бодлого, үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүллээ. Үүнд:

Хөрсний доройтлыг бууруулах, агаар орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
Туул гол, түүний экосистемийг хамгаалах, байгалийн нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах” 1500 өрхийг хамарсан төслийг Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж эхлэв.
Цэвэр технологи, бохирдолгүй хэрэглээг дэмжих зорилгоор бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийслэл хотын авто зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв.

Интернет хяналтын систем, сансрын холбоо, дрон зэрэг дэвшилтэт техник, технологийг байгаль хамгааллын ажилд ашигладаг болов. Байгаль хамгааллын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэдэд олгож, урамшуулалт морин эргүүлүүдийг өргөтгөн ажиллуулдаг боллоо.

Туул голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон түүнийг бусдад шилжүүлэхийг зогсоолоо. Голын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхлэв.

Багахангай, Багануур, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны төвлөрсөн усан хангамжийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоох ажлыг эхлүүлэв.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 1093 өрөмдмөл худгийг паспортжуулан, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт”-ын дагуу ариун цэврийн байгууламжтай байх шаардлагыг тавьж эхэллээ.

Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах, ахуйн үнсийг дахин ашиглах, хөл газрын ургамлаар хөрсний чанарыг сайжруулах, бохирдол шингээх өндөр чанартай ургамлын зүйлийг ногоон бүсийн ойжуулалт, тохижилтод ашиглах зэрэг технологийн судалгаануудыг хийж, хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулах алхмуудыг хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр хэрэгжих 250 үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, үйл ажиллагааны төрөлтэй уялдсан байгаль орчныг хамгаалах нэмэлт шаардлага, нөхцөл болзол тавьж ажиллаа.

Барилгын хэмнэлтийн хурдасгуур олон улсын санаачилгад нэгдэж, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төсөл хэрэгжүүлж эхлэв.

Гэр хорооллын бүсэд иргэдийн санаачилгад суурилсан, бохирдол бага ялгаруулах бие даасан дэд бүтцийг бий болгох зорилгоор “Ногоон технологитой хороо” төслийн уралдаан зарлаж, 46 иргэн, аж ахуй нэгжийг төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсрууллаа.

Зуслангийн бүс дэх төрийн болон нийтийн үйлчилгээний чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх чиг үүрэгтэй “Зуслангийн мэдээллийн төв”-ийг ажиллуулж, орчныхоо тохижилт, гэрэлтүүлэг, камерын хяналт, харуул хамгаалалт, орц гарцаа бие даан шийдэх “Зуслангийн зөвлөл”-үүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан байгууллаа.

Тархац нутаггүй болсон тарвагыг зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, туурайтан амьтдад идэш, тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг авч, Зэрлэг амьтан хамгаалах, асрах төвийг байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулав гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ