Ц.Цогзолмаа төрийн албаны зөвлөлд нөлөөлөхийг оролдож байна



-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хараат бус байгууллага болох Төрийн албаны зөвлөлийг албан бичгээр дарамталж, өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн шийдвэрийг хууль бусаар гаргуулахаар шахаж байна-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс нэгдүгээр сарын 5-ны өдөр сонгон шалгаруулалт зарласныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 19-ний өдрийн шийдвэрээрээ хууль бус гэж үзэн түдгэлзүүлээд байгаа гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл уг шүүхийн шийдвэр нь Ц.Цогзолмаа сайдын сэтгэлд нийцсэнгүй. Тэрбээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн гурван хуудас албан бичгийг энэ сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Төрийн сайдын гарын үсэгтэй бичиг гэхэд боловсруулалт, утга найруулга тун муутай. Уртаас урт утга нь орооцолдсон уг албан бичиг нь шүүхийн шийдвэрийг даган биелүүлэхээс татгалзаж, Төрийн албаны зөвлөлийг дахин сонгон шалгаруулалт явуулахыг шахаж шаардсан агуулгатай.
Ийнхүү сайд Ц.Цогзолмаа уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулж, өдгөө өөрийн зөвлөхөөр ажиллаж буй С.Мөнхбатыг томилуулан, төрийн албаны шалгалтад нэгээр гаргана хэмээн ил далд ярьж явсан нь өнөөдөр батлагдаж байна.

Т өрийн албаны зөвлөл хэмээх байгууллагыг Төрийн албаны хуулийн 351.3-т “Энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтныг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, бусад төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн аливаа нам, эвслийн зүгээс төрийн албаны төв байгууллагад нөлөө үзүүлэхийг хориглоно" гэж тодорхойлжээ.

Гэтэл тус зөвлөл Ц.Цогзолмаа сайдын албан бичгийг хүлээн авсан даруйдаа Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсон төдийгүй шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Ц.Цогзолмаа сайдын санал болгосон С.Амартүвшинг томилжээ. Ийнхүү хараат бус байгууллагын маань хэн нь ч хэзээ ч уулзаж байгаагүй, танихгүй хуульчийг өөрсдийгөө төлөөлүүлэн шүүх хуралд илгээх гэж байгаа нь хууль журам хэрхэн завхарсныг харуулж байна.

Өөр нэгэн ноцтой үйлдэл гэвэл БСШУСЯ нь Төрийн нарийн бичгийн даргагүй болсноор Төрийн албаны салбар зөвлөл нь татан буугдсан. Үүнээс үүдээд сайд нь өөрийн багийг хууль ёсны дагуу бүрдүүлэхэд багагүй бэрхшээлтэй тулжээ. Иймд Ц.Цогзолмаа сайд мөн л ТАЗ-д албан бичиг илгээж, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар С.Мөнхөөлэй, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Х.Галсанхүү нарыг жинхлүүлэх шийдвэр гаргуулахаар шахаж байгаа аж.

Хэрвээ эдгээр хүмүүсийг жинхлэх юм бол энэ нь Төрийн албаны болон бусад хууль зөрчсөн нэлээн том үйлдэл болох бөгөөд Төрийн албаны зөвлөлд Ц.Цогзолмаа сайдын нутаг нэгтэн, намын нэг фракцын анд нөхөр хамтран дээрх хуйвалдааныг зохион байгуулж байна гэдэг яриа ор үндэстэй болох юм.

Төрийн албыг төрлийн алба болгож байгаад нийгэм маш их бухимдалтай байгаа энэ үед дээрх хүмүүсийн асуудал хэрхэн шийдэгдэхийг олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралтай ажиглаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ