“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2018.09.07/ Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын дэргэдэх Цахим бодлогын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, А.Баттулга сан дэмжин ажиллаж байгаа юм.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгүүдээс илүү өргөн хүрээг хамарч, ХЗДХЯ, ЦЕГ-аас санаачлан, зохион байгуулж буй цахим гэмт хэргийн эсрэг “Unfriend” хөдөлгөөнийг дэмжин явагдсанаараа онцлог байлаа.
Тус хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн алба хаагчид мөн хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагчид болон эцэг эхийн төлөөлөл нийт 800 гаруй төлөөлөгч оролцсон нь бүх л талаас хүүхдийг цахим халдлагаас хамгаалахад илүү ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо өнгөрсөн онд 2.910-д хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 даваад байна. Өнөөдөр Монгол Улсад цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. Төсөөтэй гэсний учир нь одоогоор манай улсад үйлчилж буй хууль тогтоомж, эрхзүйн актуудаар тус хороо нь цахим вэб хуудас, радио телевизийн үйл ажиллагаа, тэдгээрийн контентод хяналт тавихаар зохицуулагдсан байдаг. Монгол Улс өнөөдөр цахим хэрэглээгээрээ Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь биднээс дараагийн бодлого, алхмуудыг шаардаж байна.
Монгол Улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фейсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.
Тухайлбал, цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группүүд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц 19 хаалттай групп мөн нээлттэй есөн групп, зургаан фэйж хуудсыг устгасан байна. Садар самуун сурталчилсан элдэв ёсзүйгүй групп, хуудсуудын мэдээллийг хүлээн авах зорилгоор Цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд “Хар жагсаалт” нэртэй групп ажиллуулжээ.
"Ухаалаг утастай хүүхдийн 92% нь интернетэд байнга холбогддог байна "
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс хэйнкс:
Орчин үеийн хүүхэд, багачууд хоёр ертөнцөд амьдарч байна. Нэг нь бодит ертөнц, нөгөө нь цахим орчин. Тэдний амьдралд цахим орчин гол байр суурь эзлэх болсон нь өнөөдөр дэлхийн нийтийн санааг түгшээж байна. Хүүхдээ цахим орчноос юуг хүлээн авч, үзэж харж байгаа вэ гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй байгаа нь харамсалтай. Нэг талаас цахим орчин нь хүүхдүүдэд асар олон боломж, давуу талыг нээж өгч байгаа ч нөгөө талаараа эрсдэлийг бий болгож байна. Миний хувьд хүүхэд байхдаа гадаа найзуудтайгаа тоглодог, номын санд суудаг байсан ч томчуудын хараа хяналт дор өссөн. Гэтэл орчин үеийн хүүхдүүд томчуудын хараа хяналтаас гадна цахим орчныг ашиглах болсон нь харамсалтай. Хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс хамгаалахад бүх салбарын хамтын ажиллагаа шаардлагатай” гэлээ.
ГБХЗХГ-ын ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар:
21 аймаг, 9 дүүргийн 2240 хүүхдээс авсан "Өсвөр үе ба интернет хэрэглээ" судалгааны дүн гарсан. Судалгаанд оролцогчдын 88,4% нь ухаалаг утас ашиглан интернетэд ордог гэсэн байна. Нийт ухаалаг утастай хүүхдийн 92% нь интернетэд байнга холбогддог гэсэн дүн гарчээ. Хүүхдийн 108 утсанд цахим дарамт төрөлд ирсэн дуудлага 2016-207 онд 278 хувиар огцом өсжээ. Таван хүүхдийн тутмын нэг нь танихгүй хүний хүсэлтийг бүртгэж авдаг гэж судалгаанд оролцсон хүүхдүүд хариулсан бол цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах мэдлэггүй гэж 34 хувь нь, 13 хувь анхан шатны мэдлэгтэй гэж хариулжээ. Хүүхдийнхээ цахим хэрэглээний агуулгад эцэг эхчүүдийн хяналт сул байгаа нь судалгаанаас харагдсан байна" хэмээлээ.
Улмаар хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх аж.