“Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг энэ сарын 1, 2-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус форумд Улаанбаатар, Малайз, Сингапур, Тайпэй зэрэг хотын орон сууцны байгууллагууд болон форум зохион байгуулагч орны нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумыг Сөүл хотоос санаачлан анх удаа зохион байгуулжээ.
Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийсэн нь Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байсан аж. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад орны баримталж буй бодлогод үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлсэн юм. Тус форумд нийслэлийн Орон сууцны корпорацийнхан оролцож хэрэгжүүлж буй төслүүд, баримталж буй нийтийн орон сууцны хангамжийн бодлогыг танилцууллаа.
Форумын хоёр дахь өдөр Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корцорациас зохион байгуулж буй “Нийтийн орон сууцны халамжийн фестиваль-2016” үзэсгэлэн болов. Тус үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй бодлого, иргэдэд үзүүлж буй дэмжлэг, ажлын байрны дэмжлэг, нийтийн орон сууцны хангамжийн хөтөлбөр зэргийг иргэд, оршин суугчиддаа тайлагнадаг юм байна. Энэхүү форумыг жил болгон оролцогч хот бүрт ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Азийн хотуудын нийтийн орон сууцны хангамж болон бодлогыг шинэчлэн хөгжүүлэх, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа