Олимпын алтан медаль зүүхэд нь таксины мөнгөөр тусалсан эмэгтэйд талархал илэрхийлжээ



Ямайкын тамирчин Хансл Парчмент өнгөрсөн Пүрэв гарагт Токио 2020 олимпын наадмын 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, алтан медаль зүүсэн юм.

Саяхан тэрбээр сошиал хуудсандаа олимпын наадмын сайн дурын ажилтан эмэгтэйн ачаар алтан медаль зүүсэн түүхээ ярьжээ.

Парчмент Олимпын хотхоноос тэмцээн болох стадион руу явахдаа буруу автобусанд суусан байна. Усан спортын тэмцээн болох газарт хүрсэн тэр буцаж явах унаагүй болж, тэмцээнээсээ хоцрох өндөр магадлалтай болжээ. Энэ үед Парчмент нэгэн сайн дурын ажилтанд хандаж, унаа олж өгөхийг гуйсан байна.

Ажилтан түүнд туслах ямар ч боломжгүй байсан тул хувиасаа таксины мөнгө зээлжээ.

Тиана хэмээх энэ эмэгтэйн ачаар Парчмент тэмцээндээ түрүүлж, олимпын алтан медалийн эзэн болсон байна.

Ямайкын тамирчин энэ түүхээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сошиал хуудсандаа хуваалцаж, тус болсон Тианад талархал илэрхийлжээ.

Дараа нь тэр Тианаг олж уулзаад алтан медалиа үзүүлж, Ямайкын багийн өмсгөлийг бэлэглэж, зээлсэн таксины мөнгөө буцааж өгсөн байна. 

Энэ явдлын дараа Ямайка улсын аялал жуулчлалын яам Тианад өөрийн улс оронд аялж, амрах урилгыг өгчээ. “Дэлхийн хаана амьдардагаас нь үл хамааран эх орон нэгтэнд маань тусалсан түүнд бид хариу хүндлэл үзүүлэхийг хүсэж байна” гэж Ямайкын аялал жуулчлалын сайд Эдмунд Бартлет хэвлэлд ярьжээ.

Одоо 31 настай Хансл Парчмент 2012 оны Лондоны наадмаас хүрэл медаль хүртсэн ч 2016 оны Риогийн наадамд бэртлийн улмаас оролцож чадаагүй юм байна. Харин Токио 2020 наадамд тэр 13.04 секундын амжилт үзүүлж, алтан медалийн эзэн болжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ