АНУ-ын Сенат 3.5 их наяд ам.долларын төсвийн төсөл баталжээ



ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Сенатын танхим гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны хөтөлбөрүүдийн зардлыг нэмэгдүүлэх 3.5 их наяд ам.долларын төсвийн төслийг лхагва гарагт баталжээ.
Ерөнхийлөгч Жо Байдены нэн чухалчилж байсан олон асуудлыг багтаасан энэхүү багцыг зөвхөн Ардчилсан намын сенатчдын дэмжлэгийг авсан бөгөөд 50-49 саналын харьцаагаар батлагдсан байна.
Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумерийн ярьснаар, энэхүү төсвийн төсөл нь Америкийн ажлын байр, гэр бүлүүдэд төдийгүй уур амьсгалын эсрэг тэмцэлд түүхэн хөрөнгө оруулалт болох ажээ.
 
 
Харин Сенатын танхимын цөөнхийн бүлгийн дарга Митч МакКоннелл төслийн талаар санал хураахаас өмнө үг хэлэхдээ, Бүгд найрамдах намын гишүүдийн санал дутна гэдгийг онцлоод, уг баримт бичгийг “туйлын цочирдом” хэмээн тодорхойлжээ.
 
 
Энэхүү хууль тогтоомж нь цэцэрлэгийн өмнөх боловсрол, коллежид үнэ төлбөргүй хамрагдах боломжийг бүрдүүлж, өндөр настай америкчуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхдийн асрамжийн санхүүжилтийг өргөжүүлнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэх, цагаачлалын тухай хуульд өөрчлөлт оруулах, жороор олгодог эмийн үнийг бууруулах шийдвэрийг санхүүжүүлэх ажээ.
Ардчилсан намын гишүүд жилд 400 мянган ам.доллараас дээш орлоготой корпорациуд болон хувь хүмүүсийн татварыг нэмэгдүүлж, Засгийн газарт эмийн үнийг тохиролцох, импортын нүүрсэн түлшинд татвар ногдуулах, Дотоодын орлогын албаны татварын хураамжийг нэмэгдүүлэх замаар хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Хэдийгээр улс төрийн үүднээс хуваагдсан Сенатын танхимын Ардчилсан намын гишүүд бүгд төсвийн төслийг дэмжсэн ч бүгдийнх нь байр суурь ижил байгаагүй нь өргөн хүрээний хэлэлцүүлэг үргэлжилнэ гэдгийг харуулж байна. Тодруулбал, Ардчилсан намын төвийг баримтлагчид болох Жо Манчин, Кирстен Синема нар төсвийн зардалд санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ.
Мөн Ардчилсан намынхан олонхын суудал эзэлж буй Төлөөлөгчдийн танхимын хувьд завсарлагынхаа дараа буюу хоёр долоо хоногийн дараагаас энэхүү төсвийн төслийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Төсвийн зардалтай холбоотой нарийвчилсан шийдвэрүүдийг ирэх саруудад боловсруулах дараагийн хууль тогтоомжид тусгах ажээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ