Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжих” банк санхүүгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ



Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050 - Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичиг батлагдаж, тус бодлогын баримт бичигт “Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлээд буй.

Энэхүү зорилтын хүрээнд Дундаж давхаргын эрэлтэд нийцсэн зорилтод санхүүжилт, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, дундаж давхаргад ээлтэй банк байгуулах, санхүүгийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлийг бодлогын баримт бичигт тусгасан. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газраас хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилж, санхүүгийн үйлчилгээг хүргэх эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгох зорилтыг дэвшүүлсэн.

Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан арилжааны банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэсэн, төсөл хөтөлбөрүүд, иргэд, жижиг, дунд бизнес болон улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх бизнесийг дэмжин ажилласаар байна.

Түүнчлэн тус банк нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх санхүүгийн хөтөлбөрүүдийг биелүүлэн ажиллаж, дундаж давхаргыг дэмжигч банк гэдгээ амжилттай харуулаад буй.

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулсан.

Тус төлөвлөгөөнд Төрийн банк Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юм. Мөн Бичил бизнесийн зээл, жижиг бизнес эрхлэгчийг дэмжих зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, сургалтын төлбөрийн зээл, гялс зээл, санхүүгийн түрээс, орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдийг хамгийн таатай нөхцөлөөр олгоно.

Дундаж давхарга томрох тусам боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, ажиллах хүчин сайтай, хөдөлмөрийн бүтээмжтэй, түүнийг дагаад ашиг, орлогын хэмжээ өндөр байдаг тул тэдний оруулж буй хувь оролцоо нь тэр хэрээрээ улсын эдийн засгийн өсөлтөд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас Төрийн банк улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхтэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ