Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдаан Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Комиссын хуралдааныг Монголын талаас шадар сайд У.Хүрэлсэх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалж, хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцсон байна. Талууд худалдаа эдийн засаг, зам тээвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон асуудлуудаар протокол үйлдэж гарын үсэг зурсан юм.
Протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болж, Монголын талыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг төлөөлж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар гарын үсэг зурав.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской ёслолын дараа хуралдааны үр дүнг дүгнэж үг хэлэхдээ “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус хуралдаанаар болон өмнө нь хоёр улсын олон салбарын асуудлыг авч хэлэлцсэн. Үүнээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг онцлон тэмдэглэмээр байна. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа хүндрэлтэй нөхцөл байдалд явж байна. 2015 онд нийт худалдааны эргэлт 22 хувиар буурсан, 2016 онд ч сөрөг хандлагатай гарсан. Бид улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход хамтран ажиллах шаардлагатай байна.
Өнөөдөр Орос-Монголын худалдаа, эдийн засгийн салбарын тээвэрлэлт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбаруудыг авч хэлэлцсэн. Үүнээс гадна хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар хэлэлцлээ. Олон талт хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, Евро-Азийн эдийн засгийн холбоо Монгол Улс хоорондын харилцаа, Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн энэ оны хавар байгуулсан хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр болон Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан. Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих төслийг хэлэлцээд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр улсын хооронд хамтран ажиллах боломж их бий гэдгийг өнөөдрийн хуралдаан харуулсан. Харин цаашид хэрэгжүүлж, ажил хэрэг болгох нь бид бүгдээс шалтгаалах юм” хэмээлээ.
Дараа нь Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх хуралдааны үр дүнг нэгтгэн танилцуулсан юм.
Комиссын хуралдааны үр дүнд:
- Худалдаа эдийн засаг, зам тээвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцож баталгаажуулав. Тухайлбал, хоёр тал стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсныг сайшааж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаа илэрхийлсэн байна.
- Монгол Улс, Евро-Азийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах зорилгоор тус холбоотой хамтарсан судалгааны баг байгуулах саналыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэхэд ОХУ-ын тал дэмжиж ажиллахаар болжээ.
- Монгол–Орос хилийн Алтанбулаг- Хиагтын олон улсын автотээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Гаалийн холбооны гаалийн байгууллага хооронд ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
- 2017 онд Монгол Улсын Төв банк нь ОХУ-ын Төв банктай хамтран Монгол, Оросын үээл олгогч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахыг дэмжжээ. Хоёр тал УБТЗ хувь нийлүүлсэн компанийн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, түүний дотор дэд бүтцийг сайжруулах, мөн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Оросын Тээврийн яамны харьяа их дээд сургуулиудад 70 хүртэлх монгол иргэдийг Оросын талын зардлаар сургахаар болов.
- Төмөр замаар ачаа тээвэрлэх нөхцлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирч, 2017 оны эхний улиралд байгуулахаар боллоо.
- Оросын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтран, компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийлэв. Росгеологи фондын архивт хадгалж буй 1960-1980 оны хооронд Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх ажлыг 2017 оны дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх, нууцын зэрэглэлд байгаа тайлангуудыг хүлээлгэн өгөх боломжийг судлаж үзэхэд бэлэн буйгаа ОХУ-ын тал илэрхийлсэн байна.
- Талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр тохиров. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.
- Ойг түймрээс хамгаалах асуудлаар Монгол-Оросын хамтарсан зөвөлийн уулзалтыг жил бүр хийж байхаар тохирчээ. ОХУ 2017 оныг “Эколгоийн жил”, “Дархан цаазтай газар нутгийн жил” болгон зарлаж буйтай холбогдуулан, хоёр орны хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар болсон.
- Хамтран кино бүтээх, кино найруулагчдын уулзалт хийх, олон улсын фестивалд уран бүтээлчдээ харилцан оролцуулах болон кино өдрүүдэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд аялал жуулчлалын үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах, хоёр улсын бүс нутгийн хооронд хилийн аялал жуулчлалын солилцоог хөхиүлэн дэмжихээр шийдвэрлэлээ.
- Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг 2017 оны хоёрдугаар сард ОХУ-д зохион байгуулахаар шийдсэн байна.