Ш.Батхүүд 10 жил хорих ЯЛ ШИЙТГЭЖ, 109 тэрбум төгрөг гаргуулахаар боллоо



Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк”-нд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн талаар бид энэ сарын 3-ны дугаартаа мэдээлсэн билээ. Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал Б.Мөнхжаргал, “Алтжин групп”-ийг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцсон юм. Тэд учруулсан хохирлоо төлөх тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр тэр хугацаа дуусаж, ял оноох хурлаа шүүх үргэлжлүүлэн хийв.

Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор боллоо. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр торгох ял оноов. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Ташрамд дурдахад, шүүгдэгч Ш.Батхүү битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй хэмээн тав хоногийн завсарлагын дараа мэдүүлжээ.

Эх сурвалж: unuudur.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ