ЭМЯ, ЦХХХЯ хамтран “Эрүүл мэндийн цахим шилжилт”-ийг эрчимжүүлнэ



Эрүүл мэндийн яам нь Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хийх, хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар болж, сайд нарын хамтарсан тушаалаар энэ сарын 18-ны өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийн анхны уулзалт боллоо.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Бодлогын хэргжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Цахим хөгжил харилцаа холбооны яамны хэлтсийн дарга нар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Үндэсний дата төв, И-Монгол академийн удирдлагууд, болон  бусад албаныхан оролцсон юм.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын Засгийн газрын зорилт, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна.

Өнөөдөр манай салбарт 37 нэр төрлийн программыг ашиглаж байгаа хэдий ч эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй учраас иргэдэд хүндрэл учруулж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам, Стандарт хэмжил зүйн газартай хамтран эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэлийг хийж, нэг стандарттай болгохоор ажлын хэсгийг байгуулсан. Одоогийн байдлаар иргэд цахимаар цаг захиалах, шинжилгээний хариугаа  авах боломжтой болсон. Бид цаашид богино хугацаанд үр дүнд хүрэхийн тулд талууд ойлголцож, хамтарч ажиллах нь чухал байна.” гэдгийг онцоллоо.

Тус ажлын хэсэг нь Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журмыг хамт боловсруулах, Эрүүл мэндийн салбарын программ хангамжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжийн стандартыг боловсруулах зэрэг олон талаар хамтран ажиллах юм.

Үүнээс гадна экспорт, импортын лиценз, эмийн бүртгэл, мэдээллүүдийг цахимжуулах ажил эхлээд байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлснээр хэрэглэгчид хүний эмийн чанар аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой бүх л мэдээллийг авах, хянах боломжтой болно.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ