Б.ЗОЛЗАЯА: Хүүхдийн өсөлт, бойжилт хэвийн бол Д ВИТАМИНААС өөр нэмэлт витамин уух “ШААРДЛАГАГҮЙ“



Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор сайн гэх витаминыг цензургүйгээр авч хүүхдүүддээ уулгах болсон. Тэгвэл бид энэ талаар болон хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих талаар "Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II" Хүүхдийн тасгийн уушгины эмч Б.Золзаяатай ярилцлаа. 

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор ямар ч аль сайн гэсэн витаминыг ямар ч шүүлтүүргүйгээр өгөх нь их байна. Энэ тал дээр зөвлөгөө өгвөл. 

Тэр үнэн. Хүүхдийн эмч нарын зүгээс витамин Д өгөхийг л зөвлөдөг. Монгол орны бүс нутгийн онцлогоос шалтгаалан 0-5 насны хүүхдүүдэд Д витаминыг эмчийн зөвлөгөөний дагуу ууна. 

Харин зарим тохиолдолд буюу эрдэс бодис, шим тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалттай хүүхдүүдэд л мулти витаминыг зөвлөдөг. Хэвийн өсөлт бойжилттой хүүхэд бол ямар нэгэн нэмэлт витамин уух шаардлагагүй. Харин хүүхдээ халдварт өртүүлэхгүй байх арга замыг л сайн авах хэрэгтэй.

-Коронавирусийн цар тахлын үеэр бид халдвар хамгааллаа сайн баримталж сурсан. Гэтэл одоо халдвар хамгааллын дэглэм суларчихаар томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэхэд нөлөөлж байна уу. 

Коронавирусийн цар тахал дэгдсэн үед бид халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барьсан учраас ханиад, хатгааны дэгдэлт буурсан. Бид өөрсдөө маскаа тогтмол зүүж, гараа ариутгах, хүн хоорондын зайг барих, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх нь ханиад, томуу, томуу төст өвчнийг бууруулахад чухал ач холбогдолтой. Манай тасагт хүүхдүүд өвчнөөсөө шалтгаалаад дээд тал нь 10-11 хонож байна. Ингээд гарч байгаа хүүхдүүдэд эмч нар халдвар хамгааллаа сайн баримтлах талаар зөвлөдөг. 5-7 хоног эмчилгээ авсан хүүхэд эмнэлгээс гараад дахиж халдвар авах эрсдэл маш өндөр. Тэгтэл  эцэг эхчүүд эмнэлэгт хэвтчихсэн юм чинь хатгаа, хатгалгаа, суулгалт өвчин 100 хувь эдгэрсэн гэж ойлгоод айл хэсэх, гадуур дагуулж явах, цэцэрлэгт нь хүртэл явуулчихдаг. Ингэхээр дахин халдвар аваад өмнөх халдвар нь эдгэж амжаагүй байхад хоёрдогч халдвар авч дахин өвддөг. Тэгэхээр хүүхэд эмнэлгээс гарсан тохиолдолд 7-10 хоног гэртээ амрааж, дархлааг нь дэмжих, сахарын хэрэглээг нь бууруулах хэрэгтэй. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын хэрэглээг хянахгүй байгаа нь ажиглагддаг. Сахар нь дархлааг маш ихээр унагаадаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийг харахад ундаа, чихэр, шоколад их хэрэглэдэг. Үүнийхээ оронд хоол, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэгтэх хэрэгтэй. 

Arslan.mn

-Саяхан сар шинийн баяр болсон. Үүнээс хойш эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү. Эмнэлэгт ямар тохиолдолд хэвтэх вэ? 

Цагаан сарын дараа манай эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Асуумжаар асуухаар ханиаж байсан, халуурч байсан хүүхдийг аваад айл хэсэх, хөдөө явах, хүүхдийг дааруулах тохиолдол их байсан. 

Хүүхэд ууж идэх чадамжгүй, ядарч сульдсан, амьсгаадах, унтаарах, уусан идсэн бүхнээрээ бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл ажлын бус цагаар хамгийн ойрхон хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлнэ, ажлын цагаар бол өрх, дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Хэрэв анхан шатны болон хүлээн авах тасаг хэвтэх шаардлагагүй гэж үзээд эмчилгээ зөвлөөд явуулсан бол эмчилгээг зааврын дагуу цагт нь хоногоор нь уух хэрэгтэй. 

-Зарим эцэг эхчүүд хүүхэд өвдсөн үед эмийн сан ороод л өмнө нь ийм эм ууж байсан чинь чинь энийг нь өгчихье гэж дур мэдэн эм өгөх тохиолдол бий. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ? 

Өдөр болгон л ээжүүдэд өгдөг зөвлөгөөний нэг нь энэ. Нэгдүгээрт эмийн санд байгаа эм зүйч гэдэг хүн хүүхдэд эм зөвлөх эрх байхгүй. Эм зүйч нь эмчийн бичиж өгсөн эмийг яаж уух талаар л зөвлөж болно. Нэг үеэ бодвол аав ээжүүд дур мэдэн антибиотек өгөхөө больчихсон. Тэгэхдээ бас ийм тохиолдол гарна. 
Антибиотекийг мэргэжлийн эмч буюу хүүхдийн эмч бичиж өгдөг. Эмчийн бичсэн эмийг зааврын дагуу, цагийн хуваарийн дагуу уух нь л хамгийн чухал. 

-Тэгвэл хүүхдийн дархлаа гэж юу вэ? Хүмүүс дархлаа дэмжих гэж ярихаас яг үндсэн ойлголтыг нь сайн мэдэхгүйгээс болоод янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх нь их байдаг шүү дээ. 

Хүний бие физиологийн дархлааны эрхтэн тогтолцоо гэж бий. Үүнд дэлүү, хэмт яс, тунгалагийн зангилаа багтдаг. Эдгээр эсүүд нь дархлааны эрхтэнүүд юм. Эдгээр эрхтэнд дархлааны чадамжит эс буюу үүдэс цагаан эс үүсч хүний дархлаанд оролцдог. Дархлааг төрөлхийн дархлаа болон олдмол дархлаа гэж хоёр бүлэгт ангилна. Төрөлхийн дархлаа нь тухайлсан нэг антигенит буюу өвөрмөцөөр нөлөөлөхгүйгээр тухай бүрт нь антигенийн эсрэг үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Энэ дархлааны чадамжит эсүүдэд цагаан эс, нетрофель, моноцеть, макрофа гэдэг эсүүд оролцдог. 

Олдмол дархлаа гэдэг нь тухайлсан антиген орж ирэхэд хүнд санамжийн эс үүсдэг. Нэг антиген орж ирлээ түүний эсрэг дархлаа чадамжит эсүүд өрнөөд тухайн эсийг устгалаа, дахин биед антиген орж ирэхэд түүнийг дахин устгадаг. Бид бага насандаа салхин цэцэг, гахайн хавдар өвчнөөр өвдсөн бол дахин өвддөггүй шүү дээ. Энэ нь үүнтэй холбоотой. 

-Тэгвэл хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ? 

Манай тасгаар сардаа 300-350 хүүхэд эмчлүүлж байна. Эмчлүүлээд гарч байгаа хүүхдүүдийн ээжүүдээс ирдэг хамгийн их асуулт нь хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ л гэдэг асуулт байдаг.  Хүний бие физиологийн дархлаа бол маш ухаалаг эрхтэн. Заавал нэмэлтээр олон төрлийн витамин, нэмэлт ямар ч шаардлагагүй. Харин өөрийнх нь үндсэн дархлааг хэрхэн чадамжтай байлгах вэ гэдэг л чухал.

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хоолло гээд байдаг шалтгаан нь хүүхэд зургаан сар хүртлээ эхийн сүүнээс Иммуноглобулин А гэх хүний дархлаанд оролцдог фегментыг авдаг. Эхийн сүүнээс өөр юунд ч энэ төрлийн фегмент байхгүй. Шинжлэх ухаанаар ч гаргаж аваагүй. 

Үүнээс гадна хүүхдийг зөв зохистой хооллох хэрэгтэй. Тэгэхдээ хүүхдийн хоолны сахарын агууламжийг багасгаж, хүүхдэд хэрэгтэй, ашигтай хоол тэжээлийг өгөх хэрэгтэй. Мөн орой 21:00 цагт хүүхдийг унтуулах, тоглох, хөдлөх боломжийг маш сайн хангах хэрэгтэй. 
Үүнээс гадна тухайн хүүхэд ямар нэгэн суурь эмгэггүй байх нь чухал. Суурь эмгэгт рахит, тураал, цус багадалт, хөөнгө мариа, диатиз зэрэг ордог. Ийм эмгэггүй хүүхдийн өөрийн дархлаа нь хангалттай чадамжтай байдаг. 
Монголчуудын хувьд нарны гэрэл бага тусдаг учраас витамин Д дутагдал их байдаг. Түүнээс шалтгаалаад рахит үүсэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас 0-5 насны хүүхэд өдөр болгон витамин Д ууна. Тэгэхдээ улирал, биеийн байдлаас шалтгаалан витамин Д-г хэрэглэх тун нь өөр өөр байдаг. 
-Ярилцсанд баярлалаа. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ