Д.Мөнх-Эрдэнэ: Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байна



Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан байсан. Энэ шийдвэр шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй явж байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байдал үүссэн. Энд ямар нэгэн улстөржсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ-аас хуулийн хүрээнд асуудлаа ирүүлсэн тул Засаг дарга нарыг батламжилсан байгаа. Ер нь төрийн байгууллага хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд ажлаа явуулдаг” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зүгээс өчигдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан мэтээр хэвлэлийн хурал хийсэн нь ташаа мэдээлэл байсан гэдгийг тэрбээр мөн тайлбарлав. Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дараагийн шинэ Засаг дарга томилогдтол ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг ч тодотгож байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ