Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 12 дугаар сарын 13-ны өдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.
ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм. Ерөнхийлөгчийн лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХСИС гэдэг нэр бол энэ сургуулийн үнэт зүйл юм
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.
Тэрээр лекцдээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм генералууд, ХСИС-ийн удирдлага, албан хаагчид, багш нар, сонсогчдынхоо энэ өглөөний түмэн амгаланг айлтгаж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Ерөнхийлөгчийн албыг аваад олон сургуулиар орж, яриа, таниулга хийж амжаагүй. Би албан ёсоор ШУТИС, Удирдлагын академид очиж лекц уншиж, ярилцаж байсан. Миний санаж байгаагаар 3 дахь сургууль маань ХСИС болж байна.
Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцах боломж гарсанд туйлын их баяртай байгаагаа илэрхийлье.
Сайн сургууль байхын тулд, сайн байгууллага байхын тулд тодорхой хэдэн чиглэл байдаг байх гэж би хувьдаа боддог юм.
Нэгдүгээрт, түүх. Энэ сургуулийн түүх 1934 оноос тоологддог. Одоо 82 жилтэйгээ золгож байгаа, ийм сургууль. Түүх байна гэдэг бол уламжлал байна гэсэн үг. Та бүхэнд сурч мэдэх, бахархах тийм сайхан зүйл байна гэсэн үг л дээ. Энэ түүхээ нандигнаж авч явах хэрэгтэй.
Хоёрт, нэг их чухал зүйл бол тогтвортой байх хэрэгтэй. Аливаа юм үнэтэй, хүнд үнэлэгддэг болохын тулд тогтвортой, урт удаан хугацаанд байж чадах юм бол хүндлэл бий болдог. Тэр хүндлэл урт удаан хугацаанд цагийн шалгуураар үлдэнэ гэж би боддог. Тогтвортой байхын тулд хамгийн чухал зүйл бол материаллаг бааз.
Монгол Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт, ялангуяа төрийн өмчийн их, дээд сургуулиудад дорвитой хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол их цөөхөн. ХСИС-д оруулсан энэ хөрөнгө оруулалт бол сүүлийн жилүүдэд төрийн өмчийн их, дээд сургуулиудад оруулсан хамгийн дорвитой, хамгийн чухал хөрөнгө оруулалт байх гэж би бодож байна.
Гурван мянган сонсогч зэрэг хичээллэх анги, танхимтай болно гэдэг бол их сургуулийн түвшинд хүрсэн нь харагдаж байгаа. Ийм болохын тулд маш их хүчин чармайлт төрөөс, командлалаас гаргасан гэдгийг энд хэлэх нь зөв байх.
Сонсогч гэдэг үгийг хэлэхэд надад их ойрхон байдаг. Би өөрөө сонсогч явсан. Цэргийн сургуулийн сонсогч явсан үе бий. ЗХУ-д сурч байсан. Тэр үед курсант гэж нэрлэдэг байсан. Таван жил сонсогчийн амьдрал дундуур, сонсогчийн форм өмсөж сурна гэдэг бол амьдралд их чухал нөлөө үзүүлсэн. Би өөрийн хүрсэн амжилтын тухай ярихдаа, ер нь өөрийнхөө нууцыг ярихдаа гурван зүйл надад хамгийн их хэрэг болсон гэж ярьдаг юм.
Нэгд, миний өссөн, төрсөн орчин.
Хоёрт, цэргийн хүмүүжил. Цэргийн боловсрол.
Цэргийн боловсрол надад маш их тус болсон.
Гуравт, олон түмний дунд ажиллаж байгаа, амьдралаас авч байгаа миний их сургууль. Энэ их том боломж. Хүн амьдралынхаа туршид сурч байх ёстой.
Өнөөдөр энд 500 хүн орох номын сантай болсон байна. Дотуур байр ашиглалтад орсон байна. 680 хүний хурлын заалтай болсон байна. Бид сая тийр, бие хамгаалах урлагийн тэнхим гээд та бүхний хичээлийн анги, танхим, бусад зүйлтэй танилцлаа. Хоолны заалнаас авахуулаад жагсаалын талбай, энэ бүхэн их чухал зүйл. Хөдөө хээр дадлага хийхэд зориулагдсан дадлагын газар хүртэл бий болж байгаа юм байна. Ингээд цааш ахиад, материаллаг баазаа бэхжүүлээд явах ёстой. Үүнийгээ баяжуулаад, өргөжүүлээд явахад нэр хүндтэй сайн сургууль болох чиглэл рүү явах болно гэж бодож байна.
ХСИС гэдэг энэ үг, энэ нэр их чухал гэж би боддог. Дэлхийд маш амархан ойлгогдохоор үг. Бид дэлхий дээр л амьдарч байна. Дэлхийн 7 тэрбум хүний нэг хэсэг нь бид. Law-enforcement буюу хууль сахиулах гэдэг энэ үг аль ч оронд хамгийн чухал, аль ч төрд хамгийн чухалд тооцогддог үг л дээ. Law-enforcement university гэдэг нэр их зөв оносон нэр юм даа гэж би боддог. Олон солиод байх хэрэггүй. Цагийн салхинд өөрчлөгддөг юм гэж байна. Өөрчлөгддөггүй юм гэж байна. Бид энэ нэрийг өөрчлөхгүй. Энэ бол манай сургуулийн үнэт зүйл гээд аваад цаашаа явах зүйл юм.
Дараагийн зүйл бол иж бүрдэл. Ер нь үнэхээр сайн нэр хүндтэй их сургууль болох энэ иж бүрдэл бүрджээ гэж бодож байна. Өмнө нь Цэргийн академи, бусад сургуульд бид гадагшаа явж боловсрол эзэмшдэг байсан. Одоо манай хууль сахиулахын дээд удирдлагууд эндээ, Хууль сахиулахын академидаа сураад, боловсроод, зохих шаардлагатай мэргэжлийг эзэмшээд явах боломж бүрдсэн байна.
Ахисан шатны сургууль, ахисан шатны боловсрол олгодог сургууль гэж байдаг. Мастер, доктор гэж ярьдаг. Энд сурдаг хүмүүсийг бакалаврын зэргээр гардаг байх гэж би бодож байгаа. Юунд сурч байгаагаа та нар эхлээд сайн ойлгох хэрэгтэй.
Бакалаврын зэрэг авна гэж юу гэсэн үг вэ? Бакалаврын шатанд хүн эрэл хайгуул хийдэг. Өөрийнхөө чиглэлийн мэргэжлийг эзэмших тэр эрэл хайгуулын шатанд явж байгаа юм. Мастер гэдэг бол эзэн гэсэн утга агуулгатай. Мастер хамгааллаа гэдэг бол мэргэжилдээ эзэн боллоо л гэсэн үг. Зүгээр нэг гаднын үг биш. Мастер гэдгийг спорт дээр аваад үз, бусад зүйл дээр аваад үз. Эзэн болно гэсэн үг. Хүн өөрийгөө үнэлэх асуудал юм. Бид бусдыг хараад, үнэлээд, янз бүрийн зүйл яриад байдаг. Өөрийнхөө агуулгыг тодорхойлж өөрийгөө үнэлэхдээ муу. Үүнийгээ болимоор байгаа юм.
Доктор хамгаална гэж байна. Доктор гэдэг бол аль ч их, дээд сургууль дээр аваад үзсэн юмны учир зүй, тодорхой чиглэл, тэр бүх л зүйлийн оргилд гарч байна гэсэн ойлголт. Ерөөсөө оргил гэж ойлгож болно. Тэр учир зүйг тайлна. Доктор хүнийг юугаар таньдаг вэ гэхээр шинэ нээлтээр танина. Доктор болж байгаа этгээд бол зүгээр хэдэн цаасан дээр юм бичээд очдог биш, тэр цолыг зүгээр нэг авахын тулд явж байгаа биш. Үүний цаана нээлт байх ёстой. Тэр нээлт рүү 20 жил явах, насан туршдаа явах ийм мэргэжил, чиглэлийг чи сонгож байна гэж ойлго. Ийм чиглэлийн сургуулиудтай болчихсон байна гэдэг бол их чухал.
ХСИС дээр Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн сургууль, Онцгой байдал, Эрх зүй, нийгмийн ухааны, ахлагчийн гээд сургуулиуд байна. Эдгээрийг харахад манай улсад хэрэгтэй, хууль сахиулахад хэрэгтэй байгаа боловсон хүчнийг иж бүрэн, нийгмийн захиалгад нийцүүлээд, орчин үеийн хэрэгцээнд нийцүүлээд бэлтгэх боломж бүрдсэн сургууль юм.
Хамгийн гол нэг зүйл бол бүрэлдэхүүн. 3500 оюутан, сонсогч гэдэг бол байх боломжтой тоо гэж бодож байна. Бид тооны хойноос хөөцөлдөх биш, аймгуудаас, сургуулиудаас, хууль сахиулахын байгууллагуудаас захиалгаар авч байгаа гэж ойлгож байна. Маш нарийн шалгуураар орж байгаа гэж ойлгодог. Зүгээр нэг формтой хүн болох биш, эсвэл баталгаатай ажилтай хүн болох гэж биш. Ийм зорилготой хүн цөөхөн байгаа гэж бодож байна.
Нарийн шалгууруудыг давсан, өөрийн гэсэн зорилготой, би энэ чиглэлээр алба хаавал улс орондоо, өөрийнхөө амьдралд ийм хувь нэмэр оруулах чадвартай хүн болно гэсэн ухамсартай сонголт хийсэн байх гэж ойлгож байна. 500 гаруй багш, албан хаагч гэдэг бол энэ сургуулийг авч яваа үндсэн бүрэлдэхүүн. Энэ бол боломжийн бүрэлдэхүүн. Аливаа байгууллага, аливаа их сургуульд байх боломжтой ийм бүрэлдэхүүн. Нөгөө талаас материаллаг бааз, бүх зүйл нь бүрэлджээ.
Улсын аюулгүй байдлын гол илэрхийлэл нь нийтлэг эрх ашиг
Би энд өнөөдөр хэдэн чиглэлээр ярья гэж бодож байна.
Нэгд, аюулгүй байдал. Сая надад илтгэл өгч байхад чанга яригчаар уншиж байна лээ. ХСИС бол үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий, энэ зорилтыг хангах гол сургууль юм гэж. Аюулгүй байдал гэж юу гэсэн ойлголт вэ? Хэлэх хүн байна уу?
За, дэд хурандаа Мандах босоод надад хэл дээ.
Дэд хурандаа Мандах: -Аюулгүй байдлыг үндэсний хэмжээний, бүс нутгийн хэмжээний гэж үзнэ. Үндэстний тухайд бол тухайн улс үндэстний оршин тогтнох баталгаатай байдлаар илэрхийлэгдэнэ. Нөгөө талаар даяаршлын үед өөрийнхөө улс, үндсийг авч үлдэх соёл, уламжлалаа нандигнан хадгалах юм.
Ерөнхийлөгч: -За болно, суу. За тэр сонсогч.
Сонсогч: -Аюулгүй байдал, Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүхэн уламжлалаа хадгалах явдал юм.
Ерөнхийлөгч: -За, суу. Тэгэхээр саяын багш, сонсогчийн хариулт зөв гэж ойлгож байна. Юм ярина, хүнд хүргэнэ гэдэг бол тухайн ярьж байгаа зүйлийнхээ утга, агуулгыг эхлээд өөрөө зөв ойлгосон байх хэрэгтэй. Яавал сайхан ярих вэ, яавал хүнд хүргэх вэ гээд байдаг. Ярина гэдэг амаар гарах биш, тархиар ороод, боловсрогдоод гардаг зүйл. Бодож ярьдаг. Аюулгүй байдал гэж юу вэ, юугаар илэрхийлэгддэг юм.
Улсын аюулгүй байдлын гол илэрхийлэл нь нийтлэг эрх ашиг юм. Монгол Улсад байгаа хамгийн чухал зүйл гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хамгийн чухал юм тэгвэл юу вэ?
Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал. Дархан хилийн бүрэн бүтэн байдал. Нутаг дэвсгэрийн халдашгүй байдал. Хүн дээр аваад үзэх юм бол хүний эрх, эрх чөлөө. Төр дээр аваад үзэх юм бол төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа. Энэ зүйлийг эрх ашиг гэж байгаа юм.
Аюулгүй гэдэг үгийн цаана аюултай гэсэн үг байна. Яавал эрсдэл учирч болох вэ? Ард иргэдийн амгалан тайван амьдралд эрсдэл учирч байгаа бол аюулгүй байдлын чиглэлд ажиллаж байгаа үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд, сургуулиуд үүнийг судалж байх хэрэгтэй.
Их сургууль гэдэг аль ч оронд ямар газар байдаг вэ гэхээр хамгийн дээд зэргийн оюун ухаан, нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг хамгийн оновчтой гаргаж байгаа хүмүүс л байдаг.
Хууль сахиулах байгууллага бол улс орны аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлын хамгийн сайн шийдэл эндээс сонсогдож байх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцаж байгаа үүрэг, үйл ажиллагааг харж байхад энэ зүйл хязгаарлагдмал байгаа. Аюулгүй байдлын маш тодорхой асуудал гараад ирэхэд энд багшилж байгаа багш нар телевиз дээр ирээд суучихсан, энд байгаа сонсогч очоод суучихсан, замын асуудал яригдаж байгаа бол замын асуудлаа ярья. Хилийн асуудал яригдаж байгаа бол хилийн асуудлаа ярья. Хууль бол хуулийн асуудлаа ярья гэсэн оролцоотой байх хэрэгтэй.Үүнийг та бүхнээс л нийгэм сонсож байх ёстой. Та бүхнээс л судалгаатай, хамгийн үндэслэлтэй мэдээллийг Монголын нийгэм авч байх ёстой. Түүнээс биш хэдэн улстөрч нэртэй хүмүүс юм уу, аль эсвэл телевизээр гарч тодрох гэсэн тийм хүмүүс байх ёсгүй. Тэд нар харин хол байх хэрэгтэй. Аливаа нэг асуудал дэвшүүлээд шийдэх гэж байгаа бол та бүхэн л оролцож байх ёстой.
Урилга хүлээгээд суугаад байх хэрэггүй. Хүн урих хэмжээнд та бүхэн хүндлэгдэх ёстой. Телевизээр гараад ярьж чаддаггүй, ээрч муурдаг, ярьж байгаа юмаа өөрөө ойлгодоггүй, тийм байх юм бол чамайг хэн ч урихгүй. Урихгүй байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Үнэлэгдэхгүй байна л гэсэн үг. Мэдрэгдэхгүй байна гэсэн үг. Хүний хэрэгцээг та бүхэн мэдрээгүй байна гэсэн үг.
Аюулгүй байдал гэдэг бол бидний хамгийн чухал эрх ашгаар тодорхойлогдоно. Монгол Улс аюулгүй байна гэвэл 80 настай эмээ санаа зовохгүй л байх ёстой. Ачийгаа сургуульд явахад түүний хойноос санаа зовоод байх зүйлгүй. 6,8 настай хүүхэд сургуульдаа явахад машинд өртөх вий, дайруулчих вий, ингэх вий, тэгэх вий гэж санаа зовох юмгүй байх ёстой. 80 настан санаа зовох юмгүй, 8 настан айж сандрах юмгүй, ийм байх юм бол Монгол аюулгүй байна гэж үзнэ.
Аюулгүй байдлынхаа асуудлыг төгс шийдсэн улс орон гэж хаана ч байхгүй. Өнөөдөр аюулгүй байдлын асуудал аливаа төрийн хамгийн чухал асуудал болж байна. Ийм чиг үүргийг хангах үүрэгтэй манай их сургуульд энэ тухай л яригдаж, мэтгэлцээн өрнөж байх учиртай. Үүнийг та бүхэн их сайн бодох хэрэгтэй. Юмыг агуулгаар нь бод.
Хууль гэж Монголын ард түмний хамгийн нэгдмэл эрх ашиг туссан зүйлийг хэлнэ
Хууль гэж юу гэсэн үг вэ? Хууль бол хууль юм. Галуу гэдэг бол галуу юм гэсэн шиг л юм бодоод явж байгаа. Хууль гэдэг бол ерөөсөө л энэ нийгмийн гэрээ. Монголын ард түмний хамгийн нэгдмэл эрх ашиг туссан зүйл. Нэгэнт гарсан бол тэр хууль хэрэгжих л ёстой. Та бүхний хамгийн энгийн ойлголтоор хууль бол тэгш хэрэгжих ёстой гэдгийг бүр ясандаа, цусандаа шингэтэл ойлгосон байх ёстой. Ямар ч хүнд хууль тэгш л байх ёстой. Тэгш байдлын цаана шударга байдал яригддаг. Манайхан шударга байдал гээд орилолдоод байдаг. Яг юуг яриад байгаагаа ойлгодоггүй.
Хууль, хууль хяналтын байгууллагыг би өмөөрч ярьдаг. Энэ нь та бүхэнд дутагдал байхгүй гэсэн үг биш. Дутагдал байгаа. Шүүмжлэл байна. Гэхдээ ихэнх нь энэ үндсэн чиг үүргээ сайн биелүүлэхийн төлөө санаа тавьж, хичээл зүтгэл гаргаж, ажиллаж байгаа гэж би ойлгодог.
Хуулийн байгууллагын ажилтан болно гэдэг амар зүйл биш ээ. Хүний өмнө илтгэл өгөөд, гүйцэтгэе гэж хэлээд гарна гэдэг амар зүйл биш. Өнөөдөр тайван байна. Маргааш янз бүрийн хүндрэл тохиоход эх орноо хамгаалах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үйлсэд үүрэг хүлээн зогсож байгаа. Өдөр бүхэн энэ үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ амар ажил биш.
Монгол Улсынхаа төлөө ажиллаж, өдөр бүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Хууль сахиулахын энэ ажилтнууддаа хүн бүхэн хүндэтгэлтэй хандах ёстой. Хэцүү ажил. Цагдаа, хилийн байгууллага, онцгой байдлынхан, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнд баярлалаа гэж хэлж байх хэрэгтэй. Хууль сахиулахын чиглэлээр ажиллаж байгаа энэ улсуудаа Монгол орон, Монгол Улс хайрлаж явах учиртай.
Нөгөө талд нь тавих ёстой шаардлагаа тавих л ёстой. Та бүхэнд өгсөн тэр хайр хүндэтгэл тэр тавигдаж байгаа шаардлагад нийцэж ажиллах ёстой. Ингэж нийцэж байхын хамгийн гол үндэс суурь энд бүрэлдэнэ.
Хоёр дахь зүйл бол танай сургуулийн давуу тал юу вэ? За тэр эмэгтэй сонсогч хэлээрэй.
Сонсогч: -Ажлын байр, сургалтын орчин, нөхцөл.
Ерөнхийлөгч:-ХСИС юугаараа онцлог юм. Юугаараа сайхан юм. Ямар учраас чи сурч байгаа вэ гэж асуухад та нар түгдрэхгүй хэдэн янзаар хариулдаг л байх хэрэгтэй. Манайхан ийм тийм гээд юм шүүмжлэх, муу хэлэх дуртай улсууд. Тэгэхэд нь шууд босоод хариулдаг чадвартай байх хэрэгтэй.
ХСИС-ийн давуу тал, цэргийн сургуулийн давуу тал бол дүрмээр амьдардаг
Миний ойлгож байгаагаар ХСИС-ийн давуу тал, цэргийн сургуулийн давуу тал бол дүрмээр амьдардаг. Хаана ч очсон босохдоо ч дүрмээр, суухдаа ч дүрмээр, мэндлэхдээ ч дүрмээр, бид дүрмээр амьдардаг.
Ерөөсөө хүний нийгмийн олсон хамгийн том ололт бол гарсан дүрэм, хуульд захирагдахад л байгаа юм. Тийм хүнийг соёлтой хүн гэнэ. Дүрмээ, хуулиа хэрэгжүүлдэг хүнийг соёлтой хүн гэдэг. Зөв хүн гэнэ.
Энэ сургууль юугаараа ялгарч байх ёстой вэ? Дэлхий дээр хууль сахиулахын чиглэлийн ийм сургууль олон байгаа. Танай сургууль бусдаасаа юугаараа ялгарах вэ?
Та нар сахилга батаараа ялгарах ёстой. Зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Сахилга бат, зохион байгуулалт бол монгол хүний, монгол дайчны, монгол цэрэг хүний цусанд байгаа юм. Манай энхийг сахиулагчдад байгаа юм. Энхийг сахиулагчдын тухай мэдээ сонсч байхад монголчууд арай л өөр. Эр зоригтой. Буу дуугарахад бусад газрын зарим хүн ширээн доогуур орж байхад манай нөхөр бол буу руугаа л ухасхийж байдаг.
Тийм чадвартай байх хэрэгтэй. Тийм зоригтой байх хэрэгтэй. Өрөөнд буу дуугарахад, хутга мэстэй хүн ороод ирэхэд, наад зах нь чам руу довтлоход толгойгоо бариад зугтдаг биш, түүнийг зогсоож чаддаг л байх хэрэгтэй. Чамаас үүнийг л харж байгаа. Надад яагаад бие хамгаалалтын хичээл ороод байгаа юм бэ. Надад яагаад хуулийн тухай яриад байгаа юм.
Хүмүүс та нарыг нэг цагдаа явж байна. Тийм нэг хүн явж байна гэж харахгүй. Форм өмссөн, үүрэг гүйцэтгэх ёстой хүн явж байна л гэж харна. Тусгай бэлтгэлтэй хүн явж байна гэж харна. Хүн гүйж ирээд тусламж гуйхад тусламж үзүүлж чаддаг л байх ёстой. Ямар ч нөхцөлд тэр. Түүгээрээ чи ялгарч байх ёстой. Ингэвэл хүндлэл бий болно.
Цагдаагаа хүндлэх юм бол аливаа орон хөгжинө гэсэн үг. Хууль сахиулагчдаа хүндэлдэг нийгэм хөгжинө. Намайг хүндэлнэ гэж хүлээх хэрэггүй. Хамгийн гол нь чамаас өөрөөс чинь эхэлнэ. Чи л тэр нийгмийн хүндлэлийг нийгэмдээ бий болго. Ирээд шаардлага тавихад ямар ч асуудалгүй биелүүл. Энэ тухай л та нар ярьж байх хэрэгтэй. Нийгмийн хүндлэлийг бий болгох тухай хөтөлбөрт байхгүй бол шаардах хэрэгтэй, сургуулийнхаа удирдлагад хандаад ийм ном, ийм зүйл гаргаж өг гэх хэрэгтэй.
Бод. Хашаанаасаа гарч бод. Ангиасаа гарч бод. Формоосоо задарч бодох хэрэгтэй. Өглөө бослоо, явлаа, ирээд суудаг. Багш нар хичээл заалаа, хэдэн зүйл тэмдэглэж аваад гардаг. Тийм хэлбэртэй байх юм бол чи яаж Монголын хууль сахиулах ажилтан болох вэ?
Цэргийн албаар явсан хүмүүс итгэлтэй байдаг
Нэг онцлог байгаа юм. Цэргийн албаар явсан хүмүүс итгэлтэй байдаг. Хүний итгэл даадаг. Наад зах нь тэтгэвэрт гарахад нэг байгууллага манаач, жолооч авах гэж байгаа бол цэргийн хүн авч ажиллуулах дуртай байдаг. Цэргийн хүн гүйцэтгэл сайтай. Сахилгатай, зохион байгуулалттай, итгэлтэй байдаг. Манай сургуулиуд хүнийг итгэлтэй болгодог. Би ийм сургууль төгссөн. Та надад итгэж болно. Би хэзээ ч өчүүхэн жаахан юман дээр товойж гараад, хамт олноосоо илүү гарах гэж гүйхгүй. Гэхдээ би асуудал шаардагдсан үед хэрэгжүүлж чадна. Ийм итгэл байх ёстой. Цэргийнхний хамгийн гол зүйл бол итгэл байгаа юм. Тэгээд багаар ажиллаж чаддаг. Ямар учраас салаа гэж нэрлээд байгаа юм. Ямар учраас салбар гээд байгаа юм. Ямар учраас анги гэж нэрлээд байгаа юм.
Ерөөсөө ганцаараа явж байгаа этгээд хэзээ ч сайн сайханд хүрэхгүй. Ганцаараа орилж байгаа этгээд хэзээ ч улс орны төлөө орилж байгаа биш. Түүнд тийм үнэр ч байхгүй.
Хамт олноороо, миний хамт олон, миний салаа, байгууллагаараа амжилтад хүрч байгаа бол байгууллагаараа урагшаа нэг алхаж байгаа юм. Улсаараа амжилтад хүрье гэвэл улсаараа нэг ахиж байж л нэг алхам урагшилна.
Хамт олон дотор байж сурсан, наад зах нь жагсаалд зогсоод, нэг команд гүйцэтгээд сурчихсан байна гэдэг бол цэргийн хүмүүжил. Бүх л сургуульд багш байгаа, бүх л сургуульд ном байгаа. Тэгвэл та нарын давуу тал юу вэ? Ерөөсөө л энэ шүү дээ.
Би түрүүн хэлсэн. Надад юу хэрэг болсон бэ? Цэргийн боловсрол хэрэг болсон. Би хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн сургуульд сурсан. Тэр л надад хүмүүжил өгсөн. Тэр л надад боловсрол олгосон.
Бушуухан төгсөх юмсан. Бушуухан явах юмсан гэсэн бодолтой суугаад байх ерөөсөө хэрэггүй. Жаахан жавхаатай байх хэрэгтэй. Цэргийн хүн сандал дээр суухдаа хүртэл арай өөр сууна. Цэх сууна. Гуч хүрээд л нуруу нь мултарчихсан юм явж байвал хэрэггүй шүү дээ. Харахад л цэргийн хүн. Гэдэс гүзээ, хоол ундныхаа асуудлыг шийдэж чадахгүй юм бол ямар юмных нь эх орноо хамгаалах вэ. Ямар юмны чинь хууль сахиулах вэ. Хэн чамайг хүндэтгэх юм. Хүн орж ирээд өнгөнөөс чинь л мэднэ. Тэгээд ярьж сууж байгаад ухаанаар нь үнэлнэ гэдэг. Анхны сэтгэгдэл чухал.
Ажилдаа эзэн болж байгаа хүнд л би дуртай
Би их олон түвшинд ажиллаж байсан. Би ямар хүнийг ажилд авах дуртай вэ. Миний тавьдаг шаардлага бол ажилд тавилаа. Ажилдаа эзэн болж байгаа хүнд л би дуртай. Нэг ажилд орчихдог. Тэгээд эргэж утасдаад л “Би үхэх гэж байна яана аа. Би нэг ийм асуудалтай тулгамдлаа. Дарга аа, цэрэг ээ” гэсэн ийм юманд би хэзээ ч дургүй. Гялалзтал орж ирээд л ингэсэн, тэгсэн гээд бүх зүйлээ илтгээд явах ёстой.
Хоёрт, миний хамгийн их шаарддаг зүйл бол гүйцэтгэл. Хэлсэн бол чи гүйцэтгэх л ёстой. Цэргийн хүн ийм. Ажилдаа эзэн болох чадвар чухал. Ямар ч ажилд очсон тэндээс чи илүү л гарч байх ёстой. Би эндээс илүү гарна. Ийм чадвар чухал. Энгийн бусад сургууль төгссөн хүнээс чи гүйцэтгэлээрээ л ялгарч байх ёстой. Ингэх юм бол хэчнээн мундаг сургууль төгссөн хүнээс чамайг авъя гэнэ. Чамд итгэж болно.
Тэгэхээр энэ сургуулийн давуу тал гэдэг бол миний харж байгаагаар энэ байгаа юм.
Монголын эмгэнэл бол сэтгэлгээний бохирдол юм
Монголын эмгэнэл юу байна? Би сүүлийн үед бодоод байгаа юм. Монголын эмгэнэл бол сэтгэлгээний бохирдол байгаа юм. Дэлхийн тэргүүлэх сургууль Харвардын их сургуульд би очоод сурахад эхний өдрөө л бараг мэдэрч байсан.
Бидний асуудалд хандаж байгаа сэтгэлгээ ямар муухай бохир байдаг юм бэ? Нэг зүйл шийдэх гээд, нэг тулгамдсан асуудлын тухай ярихад л л монгол хүн, энд амьдарч байгаа бид нар ерөөсөө буруу талаас нь л бодно.
Телевизээр нэг юм гарахад л “Ээ хөөрхий, наадах чинь худлаа ярьж байгаа юм “ гээд л дандаа л муу хэлдэг. Бие биеэ доош нь хийдэг, гүтгэдэг, гутаадаг. Монголчууд бие биеэ гутааж урагшлахгүй. Тэр хүнээс сахилга бат, зохион байгуулалт, эрдэм мэдлэг, чадвараараа илүү гарч чадахгүй байж гутааж суудаг. Ийм зүйл та нарын амьдралд зөндөө тохиолдож байгаа.
Янз бүрийн мэдээллийн хэрэгсэл бол хүн гутаадаг хэрэгсэл биш. Сайныг ярь, гутааж байгаа юман дотроос сайн юм олж хар. Хаданд хөө өдөр бүр түрхээд байхад цагийн салхиар хөө алга болно. Цаанаас нь тэр хад, чулуу гарч ирдэг. Ийм юманд та нар явж сурах хэрэгтэй. Зарим нэг хүнийг харж байхад өчнөөн юм сонслоо, миний тухай ингэж ярилаа гээд ерөөсөө долоо хонолгүй буугаад өгчихсөн байдаг. Тэгэх тусам чи урагшаа явах хэрэгтэй. Өглөө эрт босох хэрэгтэй. Сайн ажиллах хэрэгтэй. Үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө бодох хэрэгтэй. Чиний ажил хийж байгааг хүмүүс мэдэрнэ.
Зарим нь чамд атаархаж байна. Нийгмийн янз бүрийн асуудлыг харахад цэвэр атаархал түүний цаана байна. Түүнтэй холбогдсон гүтгэлэг явдаг. Яг аваад үзэхэд 99 хувь нь ямар ч ор үндэсгүй байдаг. Тиймээс чи мэдрэх хэрэгтэй. Чамаас болгоомжилж байна. Энэ хүн л миний замд гай болох юм байна гэж харж байна. Тиймээс чамайг муу хэлж байна. Тэгэхээр улам урагшлах хэрэгтэй. Улам тодрох хэрэгтэй.
Уулыг цас дарж болно. Хайлахаараа тэр уул өнгөөрөө гараад ирнэ. Өнөөдрөөр амьдрах гээд, өнөөдрөөр сайн хэлэгдэх гээд явбал чи юу ч шийдэхгүй. Ямар ч юманд хүрэхгүй. Чи наад зах нь хүүхэддээ сайн ээж, сайн аав байж чадах уу? 20 жилийн дараа манай аавыг тэгж ярьж байсан юм хөөрхий дөө, манай ээжийг тэгж сургаж байсан, хөөрхий дөө л гэнэ.
Хамгийн сайн боловсрол бол миний бодлоор амьдрах ухаан, амьдралын төлөөх сэтгэл
Хамгийн сайн боловсрол бол миний бодлоор амьдрах ухаан, амьдралын төлөө сэтгэл гэж би боддог. Хамгийн сайн боловсрол гэдэг бол сайн хүн болох учир утгаа мэдэх явдал гэж боддог. Чамд зааж байгаа бүх хичээл чамд хэрэгтэй. Энэ багшийн хичээл уйтгартай, тэр багшийнх тийм гээд хаях хэрэгггүй. Уйтгартай ч байсан сонсож чадаад гарна гэдэг бол чамд тэвчээр сууж байгаа юм.
Би тийм л сонсогч байсан. Багш ирээд юм ярьж байхад, нэг үг хэлэхэд ард нь би арван янзаар гаргалгааг нь бодоод, арван янзын санаа гаргадаг. Багшийн нэг санаа хэлэхэд гурав дөрвөн санаа төрөөд дэвтэр дээрээ бичдэг байсан.
Ер нь сайн юмнаас сайн санаа төрдөг. Та нарт тийм сэрэл байна уу? Багш бүтэн цагийн юм яриад, ямар ч сонирхолгүй юм ярихад түүн дотор гайхамшигтай ганцхан санаа байвал чи түүнийг авах хэрэгтэй.
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой дээр хэлсэн миний үг байгаа. Та нар тэр үгийг уншаарай. Надад нэг хүн хэлж байсан. Та түүнийг яаж гайхамшигтай олж чадав гэж. Чингис хаан бол боолын, баривчлагдсан дайсны цэргийн үгэн дотор сум шиг ганц санаа байхад тэрийг шүүрч чаддаг байсан юм. Ийм л байсан. Та нар Нууц товчоог бүгдийг уншаарай. Тийм чадвар чамд байна уу?
Телевизээр хамгийн уйтгартай юм ярьж байхад түүнээс чи мөнгөн сум шиг санааг шүүрээд ав. Түүнийгээ амьдрал дээр мөрдлөг болгоод явах чадвар чамд байна уу? Үүнийг чи өөртөө суулга. Үүнийг сахилгаар, зохион байгуулалтаар суулга. Чи бүх юмыг сураагүй байж болно. Үүнээс сахилгатай, зохион байгуулалттай хүн болоод дүрэм биелүүлдэг хүн болоод гар. Үнэхээр энхийг сахиулах үйл ажиллагаанд 9 сар яваад ирсэн залуу миний нүдэн дээр өөрчлөгдөөд явж байгааг би амьдрал дээр мэднэ. Шал өөр болдог юм. Ийм сайхан мэдлэг, хүмүүжил, боловсролыг энэ сургууль олгодог юм. Тиймээс өнөөдөр та бүхэн үүнд бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.
Эхлээд чи Монгол хүн байх хэрэгтэй
Орчин үеийн оюутан, сонсогч гэдэг хүн ямар байх ёстой вэ? Миний бодлоор бол эхлээд чи Монгол хүн байх хэрэгтэй. Би яах гэж 9 дүгээр сарын 1-ний өдөр болгон хичээл заасан бэ? Та бүхэн зарим нь сургуульд байхдаа миний лекцийг сонсож байсан байх. Би 8 жил хичээл заасан. Ааваасаа авахуулаад, Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид ирээдүй рүүгээ, хүүхэд рүүгээ хандаж, хэрэгтэй юмыг хүүхдийн оюун ухаанд суулгах хэрэгтэй.
Ямар учраас би сая Төрийн хамгийн дээд шагналыг хүүхдийн зохиолчид олгов. Та нар өөрсдөө бодох хэрэгтэй. Мэргэн болъё гэвэл их бодох хэрэггүй, яг амьдарл дээр аяндаа орж ирдэг. Би нэг өдөр хичээл заах явж байхдаа “За, энэ хүүхдүүдэд яг юу гэж хэлэх вэ, юуг хүргэх вэ” гэж бодоод байтал “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэсэн үг ороод ирсэн. Үүнд хүрэхийн тулд магадгүй 20 жил бодсон байж магадгүй.
Сая танай сургуулийн нэг зүйл онцгой таалагдлаа. Их энгийн зүйл, зарим нь ажиглаагүй байж магадгүй. Ханан дээр хүмүүсийн зургийг тавиад хэлсэн үгийг нь бичсэн байна. Намайг сурч байхад Лениний хэлсэн үг, өөр гадны улсуудын хэлсэн үг л байдаг байсан. Энэ сургуулийн багш нарын хамгийн сайн хэлж байгаа, оновчтой, амьдралаар шалгарсан тэр зүйлүүдийг бичиж тавьсан байна. Одоо Монгол сургууль болсон байна. Энэ бол маш зөв. Энэ салбарын хамгийн шилдгүүдийн үгийг бичиж тавьсан байна. /Алга ташив/
Ийм юмыг нүдний булангаар хараад мэдэрдэг чадвар чамд байх хэрэгтэй. Танай сургууль дээр олон хүн энэ үгийг хэлсэн байж магадгүй. Нэг ч хүн хэлээгүй байж бас магадгүй шүү. Нэрээ бичүүлсэн хүн аягүй бол “За, баярлалаа” гэсэн байх.
Монголчууд чинь ийм гайхамшигтай оюун ухаантай хүмүүс, би монгол улсын ирээдүй, хөгжилд үнэхээр итгэдэг. Сайн болно. Яагаад гэвэл Монгол хүн бол онцгой. Зарим оронд очоод ярихаар үүнийг арьсны үзэл, үндэсний үзэл гэж ярьдаг. Үгүй, үүн дээр бид ярьж байх хэрэгтэй. Наад зах нь Монголдоо ярьдаг байх хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй. Монгол хүн онцгой. Юугаараа онцгой вэ, монгол хүн?
Олон улсад батлагдсан. Үндэсний оюуны чадавхийн итгэлцүүр гэж байдаг. Олон улсад гаргадаг. Олон жилийн тэр итгэлцүүрийг хараад Монгол хүн болж төрсөндөө би маш их баярладаг. Тэр л надад Монголын ирээдүй, Монгол ард түмний ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тэр үндсэн итгэлцүүрээр эхний таван байранд ямар орон байна гэж бодож байна. Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Итали, Монгол байгаа. Бод доо, та нар. Монголыг хөгжлөөрөө өндөр тэр Сингапур, Солонгос, Япон, Италитай харьцуул.
Энэ ямар учраас ийм гэж би бодсон. Үүний нууц нь хамгийн түрүүнд Монгол хүний цус, генд байна гэдгийг ойлгоод байгаа. Бидний тэр агуу түүх, дэлхийд гайхуулж явсан агуу түүхийн үнэр энэ дотор байгаа. /Алга ташив/
Би үүгээр бахархдаг. Би нэг газар хэлж байсан. Миний цусанд өөр ямар нэгэн газрын, өөр үндэстний цусны үнэр ч байхгүй шүү. Алтайн ууланд үе удмаараа дамжиж баатрууд амьдардаг газар. Би хэлж байсан. Баатрын соёлтой газар, өндөр ууланд би хөлд орсон хүн шүү. Миний өмнөх бүх үе тэнд хөлд орсон. Тэнд будааны соёлтой хүн байх аргагүй. Баатрын соёлтой хүн л байна. Захчин үндэстэн гэдэг Чингисийн үед хилээ манаад, улсынхаа тусгаар тогтнол, сайн сайхны төлөө үеийн үед зүтгэж явсан хүмүүс. Би тийм хүний үр сад. Би тийм хүний үргэлжлэл. Тийм монгол хүмүүсийн үргэлжлэл учраас би асар их бахархаж явдаг. Тэр үнэр миний цусанд байгаа учраас би бусдаас арай ялгаатай. Манай залуучууд, манай охидууд ч бусдаас арай ялгаатай байх.
Оюун ухаанаараа олон улсын уралдаанд оролцоход манайхан л түрүүлсэн явна. Түрүүлж байгаа хэд дотор манайхан л зогсож байгаа. Үндэсний оюуны чадавхийн шалгуур гаргаад ирэхэд эхний тавд орчихсон байна шүү дээ. Бид олон юмаараа ард, хойно, янз бүр явж болно. Сайн муу нийлж сав дүүргэдэг юм. Өнөөдөр муу байгаа бол шийдэл байна гэсэн үг.
Тухайн үеийн өмнө шийдэж чадах асуудал гэж байдаг юм шүү. Тэр зүйлээ чи шийдсэн байх хэрэгтэй
Нийгэм чинь таалагдахгүй байна уу, үнэхээр утгагүй байна уу? Өнөөгийн байгаа байдал таалагдахгүй байна уу? Чамд ажил байна. Монголын хэдэн үе ажилтай байх боломж байна гэсэн үг. Монголын хэдэн үе энэ асуудлыг шийдэхийн төлөө, Монголынхоо төлөө тархиа, зүрхээ чилээх ийм боломж байгаа юм. Ингэж харах хэрэгтэй. Хүндрэлийн цаана боломж байдаг. Би ингэж хийнэ, би үүний цаана гарна. Хэзээ ч асуудлаа бүрэн шийдэж дуусна гэж байдаггүй юм. Би хэлдэг юм. Тухайн үеийн өмнө шийдэж чадах асуудал гэж байдаг юм шүү. Тэр зүйлээ чи шийдсэн байх хэрэгтэй. Тэр юмныхаа ард чи гарсан байх хэрэгтэй. Тэр асуудлыг шийдэхэд чи хувь нэмэр оруулсан л байх хэрэгтэй.
Тэгэхээр Монгол хүний олон зуунаар, олон үе дамжсан тэр ген, цус гэдэг бол агуу юм. Би бас нэг юм боддог. Өнөөдөр эрх мэдэл гээд байгаа. Эрх мэдэл, хүчийг бусад нь дуурайдаг. Бидний үед жинс өмсөөд, заримдаа үсээ ургуулаад, трафец гээд нэг их өргөн өмд өмсчихөөд явдаг л байсан. Гадаад дуу хөгжим сонсох гээд явдаг байсан.
Тэгвэл 13 дугаар зуунд Монголыг мэддэг бүхэн дууриаж байсан. Монгол цэргийн үсний засалтыг бусад үндэсний эрчүүд дууриаж байсан байгаа юм. Монгол цэргийн үс гэж нэг талаас нь хусчихсан, тэгээд ороогоод ард нь сур зангидсан. Их хаан минь хүртэл ингээд сүлжчихсэн байсан.
Монгол цэргийн хувцас, монгол цэргийн зохион байгуулалт, монгол төрийн зохион байгуулалтыг дууриадаг. Монгол хүн шиг дуулах гэж, монгол хүн шиг хөгжимдөх гэж, монгол хүн шиг морин дээр давхих гэж дууриадаг. Тэр бүхэн тэр үед асар их ололт байжээ. Тийм цус бидэнд байгаа учраас оюун ухаан, сахилга бат, чадвараараа манай цэргүүд илүү харагдаад байгаа юм. Үүнийг бид нэмэх хэрэгтэй. Бидний үед бий болгох хэрэгтэй. Өнгөрснөө биш, өнөөдөр асуудлаа шийдээд, ирээдүйд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тэгж бид амьдарч байгаа.
Тэгэхээр ийм оюутан байх хэрэгтэй, ийм сонсогч байх хэрэгтэй, ийм хүний үр байхгүй юу, та нар. Тэгэхээр миний хэлэх гэсэн юм бол Монгол амьтай байх хэрэгтэй. Монгол хүн байх хэрэгтэй. Монголоо хайрладаг байх хэрэгтэй. Хайр чиний зүрхэнд байгаа. Би хэлдэг юм, тангараг өргөсөн хүн өөр гэж. Надад тэгж л мэдрэгддэг юм.
Тангараг өргөсөн цэрэг хүний зүрхэнд эх орон бүтнээрээ багтдаг юм
Тангараг өргөхөд энэ үндэсний өмнөөс би үхнэ. Тэмцэх шаардлагатай бол би тэмцэнэ. Үндэсний эрх ашгийн төлөө зогсож чадна гэж л хэлж байна гэж би ойлгодог. Асуудал тулгараад “Яв” гэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд л явна. Тангараг өргөсөн цэрэг хүний зүрхэнд эх орон бүтнээрээ багтдаг юм. Үнэн. Ард түмэн бүтнээрээ багтдаг.
Ялгаа чинь тэр. Тиймээс чи зүрхэндээ эх орноо, ард түмнээ бүтнээр оруулсан цэргийн хүн шүү. Өөр бай л даа. Арай өөр эрмэлзэлтэй, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, асуудалд хандаж байгаа хандлага нь арай өөр байх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэнд хэлмээр байна.
Арчаагүй хүн гэдэг бол түрүүлж яваа нэгнээ, арчаатай байгаа нэгнээ мөлжиж амьдардаг юм. Ер нь ихэнх түвшинг хараад байхад иймэрхүү л байдаг. Танайханд нэг ийм хүн байж магадгүй л дээ. Гэр бүл дотор, айл, ах дүү нар дотор гэр бүлээ аваад явдаг нэг тийм хүн байдаг шүү дээ. Манай тэр хөөрхий минь, тэрний минь хаялгаар тэр маань арай л дээр явж байна гээд ярьж байдаг. Арчаатай нэгнийгээ сорж амьдардаг. Арчаагүй хүн ч адилхан, арчаагүй айл ч адилхан. Арчаатай улс яадаг билээ. Тийм хүмүүсээ улам олон болго.
Арчаатай хүмүүс сод зүйл, баялгийг өөрөө бүтээж явдаг
Ерөөсөө арчаатай хүмүүс тэр сод зүйл, баялгийг өөрөө бүтээж явдаг. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалцдаг. Арчаатай хүмүүс өөр юм хийчихээд бусдад зардаг. Хөгжилтэй, хөгжилгүй орон гээд ярьдаг. Хөгжилтэй орон гээд бод доо, та бүхэн. Та нарын гэр оронд байгаа, худалдаад авчихсан юмнуудаа хар даа. Хэчнээн нь Монголд хийсэн юм, хэд нь гадаадад хийсэн юм байна. Сая намайг орж ирэхэд хамгийн их сонирхол татсан, хүндэтгэл хүлээсэн юм бол танай сургуулийн хийсэн зүйлүүд их сайн санагдлаа.
Монгол юугаараа сайхан орон бэ? Монгол бол хүн хөгжих боломжтой орон. Монголд маш олон сорилт, хүндрэл бэрхшээл байгаа. Гэхдээ энд хүн хөгжих боломжтой, шийдэх боломжтой, чи хувь нэмэр оруулах боломжтой орон юм. Монгол бол хүний хөгжилд нээлттэй орон. Үүгээрээ Монгол бол гайхамшигтай орон. Ийм учраас би явж байгаа зам, ард түмнийхээ сонголтод баярлаж явдаг. Бас арчаатай, амьдралаа авч явж байгаа олон айл өрх байгаа. Энэ нийгмийг чирээд явж байгаа олон мянган хүн байгаа. Тэр хүмүүсийн тоо, тэр айл өрхийн тоо улам л нэмэгдээд байгаа юм.
Хамгийн сайн боловсрол бол амьдралдаа эзэн болох гэж хэлж болно
Ерөөсөө хамгийн сайн боловсрол бол амьдралдаа эзэн болох гэж хэлж болно. Чи хэнээс ч гуйлга гуйхгүйгээр өөрийн гэр оронтой, үр хүүхэд, хань ижилтэй, энэ нийгэмд амьдрах түвшиндээ амьдраад байдаг. Аав ээждээ дараа болохгүй, ах дүүдээ дараа болохгүй амьдарч чадаж байгаа бол энэ нь чиний оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Илүү гарах юм бол хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж арчаатай тал руугаа явж байгаа юм. Үүнийг л нэг бодооч.
Энд олж авч байгаа боловсрол бол бүх юмны суурь болох ёстой, хөрвөх чадвартай болох ёстой. Монгол хүний хамгийн сайн чанар бол миний харж байгаагаар хөрвөх чадвар юм. Ямар ч оронд очоод ажил хийсэн долоо хоногийн дараа, 30 хоногийн дараа хэлийг нь нэлээд сурчихсан, нарийн мэргэжил шаарддаг юман дээр 30 хоног ажиллаад л манайхан бол хийчихсэн л байдаг.
Гурван жилийн өмнө шалыг нь зүлгээд л гүйж явсан хүн 10 жилийн дараа очиход нөгөө ажилд авч байсан нөхрөөрөө шалаа зүлгүүлчихсэн, өөрөө компанийн захирал болчихсон, аж ахуйн нэгж байгуулчихсан, удирдчихсан зогсож байна. Ийм чадвар бусад бүх үндэстэнд байгаа. Бид бүр илүү гээд байх биш. Дэлхий даяар бүх үндэстний 7 тэрбум хү<
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
Репортлов
Шинэ мэдээ
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
2 долоо хонгийн өмнө
-
6 сарын өмнө