Орон нутгийн автобус, онгоц, галт тэрэгний билетийг нэг дороос цахимаар захиалдаг болох гэж байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар ирэх оны нэгдүгээр улирлаас үүнийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, тасалбар түгээх ТҮЦ машиныг гаргахаар болжээ. Гэхдээ энэ нь иргэдийн одоо ашиглаж буй лавлагаа олгодог ТҮЦ машин биш юм. Зөвхөн төмөр зам, орон нутгийн автобус, онгоцны үйлчилгээг нэг дороос үзүүлэх тусгай ТҮЦ машин байх аж.
Одоогоор ТҮЦ машиныг хаана байрлуулах тодорхой мэдээлэл гараагүй байна. Албаныхны зүгээс томоохон худалдааны төв, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэтчилэн хүн олонтой газар байрлуулна гэж мэдээллээ. Ингээд иргэд тасалбар түгээх машинаас өөрийн аяллын өдөр, суудлын хуваарь, цаг гэх мэтчилэн бүгдийг сонгоод, мөнгөө хийгээд захиалах юм байна. Үүнээс гадна ТҮЦ машинаас зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа авч болохоор зохицуулна гэлээ.
Одоогоор галт тэрэг, автобус, онгоцны билетийг гурван өөр газарт борлуулдаг билээ. Тэгвэл ингэж ТҮЦ машин ажиллуулж, цахимаар захиалах боломж бүрдүүлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэх, билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардал хэмнэх зэрэг олон үр ашиг гарна хэмээн тооцоолжээ.