Засгийн газрын гишүүд хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өнөөдөр Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 40 зүйлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 1 тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халдах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинээр боловсруулсан болохыг төсөл санаачлагч танилцуулсан юм.

Түүнчлэн Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан байдаг. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 06 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Олон улсын эрх зүйн харилцан адил байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа идэвхигүй, маш цөөн тооны иргэд оршин суудаг Индонези, Бразил улсад суугаа ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон Улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгаж, улсын төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалд тодорхой хэмнэлт хийх, төсвийн урсгал зардлыг бууруулахаар тооцож Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид энэ үеэр Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан байдаг аж.

Өргөн мэдүүлж буй уг хуулийн төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна.

Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болно гэж төсөл санаачлагч үзжээ.

Эх сурвалж : Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ