Ерөнхийлөгчид зарим орны элчин сайдууд итгэмжлэх жуух бичиг барив



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфа, Саудын Арабын Вант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

 

ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитуваккутай уулзах үеэр хоёр талын харилцааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцаж, Элчин сайдын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ дэмжиж тусалж ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа.

 

Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад уулзалтын эхэнд Тажикстаны Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн эртний сайн харилцаатай Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстаны Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжиллаа.

 

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва Монгол оронд анх удаа ирж, монголчууд элэгсэг дотно хүлээн авч байгаад талархалтай байгаагаа ярианыхаа эхэнд дурдав. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, уул уурхай, спортын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд дурдсан юм.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфатай уулзах үеэр талуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа Элчин сайд тэмдэглэлээ.

 

Саудын Арабын Вант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр тал сайн харилцаатай явж ирснийг дурдаад Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгдлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ