П.Баярхүү: Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо



УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд СХД-ийн 7 ,9, 24,25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар салбарын хэмжээнд болон нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлыг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон, гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаа, элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор Засгийн газрын шийдвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор ойрын хугацаанд тус хороодын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 3-р амбулаторид ажиллана” гэдгээ хэллээ.

НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэл Улаанбаатар хот 2017 онд 660 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан. Энэ хүрээнд  нийслэлийн хэмжээнд  томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Нийслэл 2017 оныг “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан дагуу Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Удахгүй шийдэгдэх байх. Мөн нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн Ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулж, тус  хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдөрлөг энэ сарын 14-ны өдөр  Сүхбаатарын талбайд болж, 2000 гаруй ажлын байранд иргэдийг зуучилсан. 

Цаашид хийгдэх  томоохон ажлын нэг бол нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нэгдсэн камерийн системд шилжүүлнэ.

Мөн Улаанбаатар хотын автозам хувьд  анх удаа мастер төлөвлөгөөтэй болж, Нийслэлийн засаг даргаар батлуулсан. Тус ажлын хүрээнд  автозамын засвар тэмдэглэгээ, нөхөөс, шинэ зам тавих зэрэг ажлууд хийгдэх бөгөөд  37,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа.

Нийтийн тээврийн салбарт бид гурван сарын хугацаанд судалгаа хийж, 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад ухаалаг системийн энэ ажил сайжрах боломжтой гэж үзэж байна. Цаашдаа бид бүхий л төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болоод орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Мөн нийтийн тээврийг 2 жилийн дотор 100% газын системд шилжүүлэхээр ажилла байна” хэмээлээ.

Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууц барих, гэр хорооллын гудамж талбайг  камержуулах, хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх   газруудыг бий болгох зэрэг  асуултуудыг илүү асууж байлаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ