Улаанбаатар хотын гэр хорооллын 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 4829 айлыг орон сууцанд оруулаад байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Энэхүү 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн зөвхөн 28-д нь ажил өрнөж байгаа учраас дээрх компаниудын санхүүгийн боломж, ажлын ачаалал, тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг харгалзан дахин хуваарилалт хийн бусад компаниудын оролцоог хангах шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд гаргасан байна. Одоогоор газраа чөлөөлөөд, асуудал нь шийдэгдээгүй, хүндрэлтэй байдалд орсон иргэдээс 162 өрхийн асуудлыг шийдвэрлэжээ. Ийм байдалд орсон иргэдийг түрээсийн байранд хамруулах тал дээр анхаарах учраас нийслэлд хандах хэрэгтэй гэдгийг Нийслэлийн засаг дарга мэдээллээ.
Үүнээс гадна БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын дэд бүтэц, иргэдийн дамжин суурьших зориулалт бүхий 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг энэ сард багтаан эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаад байгаа аж. Мөн Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр орлогод нийцсэн орон сууц буюу хямд өртөгтэй амины орон сууцны хөтөлбөрийг 2018 онд эхлүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн шийдэл нь “Сервис центр” буюу дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа барилгын компаниудын хүчийг зөв хуваарилан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэнэ гэдгийг салбарын сайд онцолж байна.