Гольф. Энэ нэршлийг сонсоод баячуудын спорт гэсэн тодотгол хүн бүрийн толгойд орж ирдэг. Ганц монголчууд ч биш дэлхийн тэрбум хүний л боддог бодол. Энэ нь ч аргагүй. Английн аристократууд түүний хөгжилд том хувь нэмэр оруулсан. Спортын нь өөрийн өртөг өндөр учир хөрөнгөтэй улс л хүртэж чадах зугаа билээ. Тийм байлаа гээд түүний хөгжил удааширсангүй, уруудсангүй. Харин ч өдрөөс өдөрт тэлж, цагаас цагт солонгорч ирлээ. Монголд ч гэсэн үндэслэв. Гольф гэдэг маань өнөөдөр энгийн нэг сонирхол, зүгээр нэг спорт байхаа больж амьдралаа хөгжөөх хэв маяг, статусаа харуулах талбар, амжилтаа илтгэх үзүүлэлт болон хувирсан. Ийм шинжүүд манайд ч нэвтрэн суурьшиж байна. Гэхдээ энэ бол сонирхогчийн түвшинд яригдах сэдэв. Бидний хөндөх чиглэл бол мэргэжлийн гольф юм. Тэр дундаа, гольфын бизнесийн онцлог, ололт амжилтын нь түлхүүр, тогтвортой хөгжлийн нь нууцыг ухаж төнхөхийг хичээлээ.
Түрүүлээд хэлэхэд, мэргэжлийн спортынхоо хувьд хамгийн үнэтэй спортын нэгээр аль хэдийнэ тодорчихсон. Үнэтэй гэдэг маань тэнд эргэлдэж буй хөрөнгө, тамирчдын хүртэж буй орлого, спонсоруудын цацаж буй мөнгө талаасаа юм. Зарим үзүүлэлтээрээ №1 спорт хөлбөмбөгөөс ч илүү гарч байна шүү. Хамгийн наад захын жишээ бол жилд хамгийн их орлого олсон тамирчнаар гольфчин залуу 10 жил ноёрхсон баримт. Мэдээж энэ гавьяатан бол Тайгэр Вүдс. Баян тамирчнаар тасралтгүй шалгарах явцдаа спортын түүхэн дэх оргил орлого 115 сая долларыг /2008 он/ хүртэж байлаа. Гэхдээ энэ бол хайртай спортдоо оруулсан гавьяаны нь жижиг л жишээ нь. Томоор харвал Тайгэрын гайхамшигт ур чадвар, бахдам амжилт, ялдам инээмсэглэлийн ачаар энэ спорт өнөөдрийн өндөрлөгт хүрсэн билээ. Чухам завсаргүй нэмэгдсэн үзүүлэлт, тасралтгүй үргэлжилсэн амжилт нь гольф бизнес хөл дээр бат зогсох гол нөлөөг хөшүүрэг болсон. Алмааз эрдэнэ дээрээ тулгуурлан гайхалтай сайн пиар хийсэн, гарамгай сайхан шийдлүүдийг гаргасан PGA буюу Мэргэжлийн гольфчдын холбооны нөлөөг мартаж болохгүй. Тус холбоо Хойд Америкийн эх газарт мэргэжлийн тамирчдын тэмцээнүүдийг бараг бүгдийг нь зохион байгуулдаг бөгөөд тэндээс гарсан шинэ санаа, шинэлэг барилууд гольфыг спорт Европт, Азид хурдтай хөгжих хөшүүрэг болсон юм.
Гольфын ертөнц Вүдсийнхээ оролцоотойгоор ийнхүү бизнесийн фундаментаа бэхжүүлсэнээр сүхээр цохисон ч нурахгүй, бөмбөг тэсэлсэн ч нугарахгүй хэмжээнд батажжээ. Бүр, дэлхийг хамарсан эдийн засгийн хямралд ч түүртэхгүй байна. Түүнийг тойрсон зар сурталчилгаа олгогчид, тэднийг дэмждэг ивээн тэтгэгчдийн тоо буурахгүй байгаа нь үүний нэг баталгаа юм. Мэдээж энэ том хямрал тодорхой нөлөөгөө үзүүлж байна. Үзүүлэхдээ сонирхогчийн түвшинд л үзүүлсэн. 2015-2016 оны эхний хагасын дүнгээр гольф тоглогч иргэдийн тоо АНУ-д гэхэд 23 саяд хүрсэн нь 2005 оныхоос 26 хувиар буурсан дүн болов. Ингэх нь ч аргагүй байлаа. Дээр хэлсэнчлэн өртөг өндөртэй спорт шүү дээ. Тиймээс хувийн бизнес нь хямрахаар сонирхогчид илүү зардлаа танаж таараа. Гэтэл мэргэжлийн гольф урьдын түвшингээ барьсаар байна. Бүр эргэлдүүлэх хөрөнгө нь нэмэгдэх хандлагатай байгааг судалгаа шинжилгээний фирм IEG мэдээлж байна. 2015 оны үзүүлэлтээр компаниуд 1.5 тэрбум долларыг гольфт зарцуулсан. Юунд зарцуулсан гээч. Тэмцээнүүдийн үеэр логогоо байрлуулах, тамирчдын цамцан дээр эмблемээ байршуулах л гэж. Энэ бол рекламны салбарын зөвхөн нэг л хэсэг. Тэгсэн тэрхүү 1.5 тэрбум нь өмнөх оныхоос 2.9 хувиар давсан үзүүлэлт байна. (Америкийн толгой спортууд теннис, бэйсболын ашиг 700 сая, 600 сая доллар). Дээрх тоо өнөөдөр аажмаар өсч байна. Өсөх бүрт гольф нь бусдаас илүү тодорч байна. Уламжлалт спонсорууд HSBC, Nike, BMW, Rolex компаниуд үүнд зарцуулах хөрөнгөө хасах биш бүр нэмж байгааг гольфоор дагнан ажилладаг агентлагууд дуу нэгтэй онцлов. Дэлхийн эдийн засаг унасан, савласан энэ жилүүдэд гольф нь өөрийгөө бизнестэй холбосон, холбохдоо бат холбосны үр ингэж гарч байна.
Муугаар төсөөлж үзье л дээ, гольф хямарлаа гэж. Тэр цагт буух нөөц буудал бас бий. Дээр хэлсэнчилэн, АНУ, Их Британид сонирхон тоглогчдын тоо буурч байгаа ч Өмнөд Солонгос, Япон, Хятадад хурдтай өсч байна. Сонирхон тоглогчид нэмэгдэнэ гэдэг гольфын эргэлтийн хөрөнгө ихэснээ гэсэн үг. Уг спорт клубүүд дээр, клуб нь гишүүнчлэл дээр тогтдог учир клубт элссэн хүн бүрээс, гишүүний хийсэн тоглолт болгоноос мөнгө орж ирдэг гайхалтай системтэй юм. Энэ нь бат бэх оршин тогтнодог нэг нууц нь билээ. Монголд ч гэсэн ийм замаар ажилладаг клубүүд, тийм маягаар тоглодог гишүүд бий. Учиргүй томоор мэдээлэхгүй л байгаа болохоос зуны улиралд манайд гольфын тэмцээн цөөнгүй зохиогддог. Гэхдээ одоохондоо сонирхогчийн хэмжээндээ л байгаа. Мэргэжилд гарахад хугацаа хэрэгтэй, маш урт хугацаа. БНСУ, Японы жишээ ч ийм байдаг. Тэд нүдэж, нүдэж одооноосоо л дээд түвшингийнхэнтэй тэнцүү өрсөлдөх тамирчдыг өлгийдөж байна.
Мэргэжлийн гольф өмнө нь Тайгэр Вүдс гэсэн нэг туйлд тулж байсан бол өнөөдөр олон салаа мөчиртэй боллоо. Умард Ирландын Рори Макилрой, Америкийн Жордан Спит, Австралийн Жэйсон Дэй, Японы Хидэки Мацуяма гэсэн супер статустай гольфчид зэрэгцэн оршсоноор өрсөлдөөний талбарыг улам тэлэх боломжийг олголоо, олох ашгийг илүү нэмэх гарцыг гольфт нээлээ. Гольфчид тэмцээнээс олсон орлогоороо спортын ертөнцөд хэзээ ч тэргүүн зэрэгт байгаагүй. Хөлбөмбөгт бол бүр ч дөхөж үзээгүй. Тэрхүү их орлогоо гагцхүү ивээн тэтгэгч, зар сурталчилгаанаас олдог юм. Гольф бизнес талдаа яаж томорсны нэг жишээ нь энэ. Вүдс л гэхэд алдарт 100 сая давсан долларын ашгаа Accenture, AT&T, Buick, Gatorade, Pepsi, Gillette, TAG Heuer, Electronic Arts, Nike компаниудаас олсон байдаг. Зөвхөн гольфт хөрөнгө оруулснаар Nike компани л гэхэд жилд 700 саяын цэвэр ашиг олж байхад гольфчдод зарцуулсан хэдэн арван сая бол тэдгээр компаниудад бичил бизнес л гэсэн үг. Хэдий Тайгэрын амжилт буурсанаас фэнүүд нь цөөрсөн, өөр хүүхэнтэй орооцолдсоноос нэр төр нь уруудсан ч Hero MotoCorp, Kowa, MusclePharm, Rolex, Upper Deck, Nike компаниуд түүнтэй хамтран ажилласаар байна. Nike жилд 20 саяыг өгдөг гэрээгээ ч үргэлжлүүлж байна.
Эдгээр баримтаас нэг зүйл тодорхой харагдана. Гольфын ертөнцөд төвхөнөсөн компаниуд орон зайгаа бэхжүүлэх гэхдээ ямх газрын ч төлөө тэмцэлдэж байна. Бүр цусгүй тулаан хийгээд эхэлжээ. Толгой компаниуд нь том тамирчдын араас мөнгөөрөө уралдаж байхад дундчууд нь логогоо эвтэйхэн газар байршуулахын төлөө ухаанаараа өрсөлдөж байна. Томчуудын тэмцэлд одоогоор Nike тэргүүлж байна. Одоогоор шүү. Тус компани дараагийн Тайгэр Вүдс гэгдэж байгаа Рори Макилройтой 2013 онд 220 саяын гэрээг үзэглэснээр өдгөө түүнд тулгуурласан өргөн пиарыг гайхалтай сайн хийж байна. Макилрой Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ 1895 оноос оршин байсан дээд амжилтыг эвдсэн. Гольфын ертөнцийн Мекка болсон тэмцээний мөнхийн гэгдсэн рекордын өмнө 22-хон насандаа гишгэнэ (-16 пар) гэдэг агуу алдар суу юм. Nike-ийн ончтой шийдвэр нь Роригоор төгсөөгүй. Өнгөрсөн жил тэд 20 настай супер од Жордан Спитийг 10 жилийн гэрээгээр өөрийн болгоод авсан. Энэ бол зөв хүнээ зөв үед урхидаж авсан агуу шийдэл байлаа. Ирээдүйн Арнольд Пальмэрыг улаан нялзрай үед нь хямд үнээр урт хугацаанд гартаа байлгана гэдэг спортын сурах бичигт үлдэх хэлцэл юм. Чухам Nike-тай гэрээ байгуулсан тэр жилээс Спитийн амжилтын буухиа эхэлж хоёр ч мэйжор тэмцээнд түрүүлсэн билээ. Одоо тэдний пиарын стратеги юу гээч? Вудс-Макилрой-Спитийн гурвалсан сурталчилгаа.
Аварга компаниудыг, хөрөнгөтэй баячуудыг соронз мэт татаж байгаа гольфын өөр нэг ид шид бол хэндикэп систем юм. Энэ системийн ачаар энгийн нэгэн гольфчин Жордан Спиттэй, эсвэл Рори Макилройтой, бүр Тайгер Вудстэй ч тоглож болдог. Тийм хүн нь уншигч та ч байж болно, хэрэв шаардлага хангавал шүү дээ. Хөлбөмбөгөөр бол жирийн нэгэн сэтгүүлч би Лионел Месситэй хамт тоглож байна л гэсэн үг. Энэ системийнхээ давуу талыг гольф хамгийн үр дүнтэй, хамгийн ашигтайгаар хэрэгжүүлж ирсэн нь санхүүгийн урсгалын асар том нэмэлт трубаг бий болгосон юм. Ийм боломжийг ашиглаж агуу тамирчидтай нэг green дээр өрсөлдөхийг хүссэн баячууд хөрөнгөө гольф руу цутгаж ирлээ, жишээ нь Дональд Трампаас өгсүүлээд. Ийм өрсөлдөөнийг харах гэсэн гигант компаниуд өчнөөн тэмцээнийг ивээн тэтгэж ирлээ, тухайлбал BMW компаниас авахуулаад.
Гольф гэж нууцлаг мөртлөө ийм том ертөнц юм. Бас хямардаггүй, савладаггүй. Нэг л тогловол соронз мэт татчихдаг сонин эд. Арнольд Палмэрыг төрүүлсэн спорт үүнээс өөрөөр яах ч билээ.
Эх сурвалж: "Mongolian Economy" сэтгүүл 2016 оны 10 сар №17 (119)
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа