Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий. Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байна.
Цахим бүртгэлийн системийн “Бүртгэл” цэсэнд хандаж, хүүхдийн регистрийн дугаарыг оруулан хайх товч дарснаар таны хүүхдийн хувийн мэдээлэл болон орж болох цэцэрлэгийн жагсаалт гарч ирнэ. Холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулснаар таны хүүхэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.
Эцэг, эхчүүд хуучин амьдарч байсан хорооны бүртгэлийн ажилтан дээр очиж, хүүхдээ хамт шилжүүлэн хасалтыг хийлгэх шаардлагатай. Ингэснээр одоо амьдарч байгаа хаяг дээр бүртгүүлнэ. Хэрэв та хүүхдээ хуучин хаяг дээрх цэцэрлэгт бүртгүүлсэн бол одоо амьдарч байгаа дүүргийн боловсролын хэлтсийн утсаар холбогдон хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлж, хаягаа шалгуулан шинэ хаягаараа цэцэрлэгт бүртгүүлээрэй.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санамсаргүй түүврийн аргаар программ бичих кодыг баталгаажуулахаар Тагнуулын ерөнхий газар өгчихсөн байгаа. Уг санамсаргүй түүврийн аргаар сугалааг зохион байгуулахад ямар нэгэн хүний оролцоо байхгүй гэдгийг албаныхан хэллээ.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.