Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.
”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медальд тодорхойлж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулна.
Шагналын журамтай эндээс танилцана уу.http://www.president.mn/content/11439